Талибан хөдөлгөөн Афганистаныг засаглах шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ хэлэлцэж, тохиролцсон бололтой, зарлах хугацааг ирэх долоо хоногт болгож хойшлуулжээ. Одоогоор ил болсон мэдээллээр Талибаны улс төрийн асуудал эрхэлсэн удирдагч Абдул Гани Барадарыг Афганистаны шинэ удирдагчаар томилох төлөвтэй байна. Түүнчлэн Талибан хөдөлгөөний шашны асуудлыг хариуцдаг Хайбатуллах Ахундзадаг Афганистаны дээд удирдагчаар нэрлэж магадгүй байна. Ер нь Талибаны бодлого амлалт яаж хэрэгжих, хүний эрхийг хамгаалах тухай олон улсын хууль дүрмийг хэрхэн дагаж мөрдөхөөс шалтгаалж, Талибантай ямар түвшинд харилцахаа шийдэх төлөвтэй байна. Бусад орнууд ч Талибан ямар засаг бүрдүүлж, яаж засаглахаас хамаарч тэдэнтэй харилцахаа шийдэхээ илэрхийлжээ.
АНУ эхний ээлжинд Кабул дахь Америкийн дипломат төлөөлөгчийн газраа Катарын Доха руу шилжүүлэх юм байна. Баасан гарагт гэхэд Катарт Америк Европын эрх баригчид Афганы байдалд ямар хариу арга хэмжээ авах, Афганд хүмүүнлэгийн тусламж оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Британийн Гадаад харилцааны сайд баасан гарагт Пакистанд айлчиллаа. Британи Афганд үлдсэн иргэд болон дүрвэгсдийг гуравдагч орноор дамжуулж газраар татах асуудлыг хэлэлцсэн байна.
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга болон Батлан хамгаалахын сайдууд өчигдөр Катарт ажлын айлчлал хийлээ. Арабын нэгдсэн Эмират улс хүнсний болон бусад хангамж тусламжийг Афган руу илгээж байна.
180 хоногийн дараа Хууль зүйн яам болон бусад холбогдох байгууллагууд нь судлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөргүй мэдээллийг нийтэд ил болгох гэж байна. “Их долоо”-гийн бүлгийн орнууд ирэх долоо хоногт Афганистаны асуудлаар уулзах гэж байна. Энэ уулзалтандаа Орос, Хятад болон бусад орныг оролцохыг урьжээ. Эндээс Афганы талаарх олон улсын байр суурь илүү тодорхой гарч ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
| Талибаны шинэ Засгийн газарт өмнөх бүрэлдэхүүнээс нэг ч хүн багтахгүй | ||
| Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.