Хятадын дарга Бүс нутгийн хамтын ажиллагаанд гарч байгаа сорилт боломжуудыг онцолсон бол Энэтхэгийн Ерөнхий сайд өөрийн орны ажиллах хүчний нөөц бололцоонд гол ач холбогдол өгчээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дорнын Эдийн засгийн чуулганд цахимаар оролцож үг хэлэхдээ “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа сорилт боломжийн аль алинтай нь тулгарч байгааг онцоллоо. Тухайлбал, цар тахалтай тэмцэхийн тулд бүс нутгийн орнууд бие биендээ туслах, вакцины судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт хүмүүнлэгийн тусламжийг илүү их олгох шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Хятад улс вакцин болон коронавирусний уг гарлыг судлах ажлыг улс төржүүлэхийн эсрэг байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин: “Яг одоо дэлхий ертөнц эрс өөрчлөгдөж байна. “Ковид-19” цар тахлын байдал тогтворгүй байна. Дэлхийн эдийн засаг хүнд байдалд байгаа ч сэргэх хандлагатай байна. Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаа маш ноцтой сорилтуудтай тулгарч байгаа ч бас том боломжууд гарч ирж байна” гэжээ.
Харин БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди: “Энэтхэг улсад чадварлаг, чин сэтгэлээсээ хандах ажиллах хүчний арвин нөөц байна. Иймээс Энэтхэгийн ажиллах хүч Оросын Алс Дорнодын хөгжилд хувь нэмрээ оруулах асар их боломж бий” гэсэн юм.
Мөн чуулганд цахимаар оролцсон Казахстаны Ерөнхийлөгч Кассим Жомарт Токаев Афганистаны дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийллээ.
Дорнын эдийн засгийн чуулга анх 2015 онд зохион байгуулагдсанаас хойш жил бүр болж байгаа. Оролцооны хувьд олон улсыг хамардаг. Зорилго нь Оросын Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн. Алсдаа Оросын эдийн засгийн төв болох хэтийн зорилготой. Энэ чуулганыг Оросын Засгийн газар болон түүний харьяа “РосКонгресс” сан санхүүжүүлж, зохион байгуулж ирсэн. 2015 оноос хойш Оросын Ерөнхийлөгч Путин, Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нар жил бүр хамт оролцож ирсэн. Энэ жил “Ковид-19” цар тахлын тархалт дэлхий даяар идэвхтэй давлагаалж байгаа учраас оролцох зочдын тоог хязгаарласан.
Иймээс энэ онд Дорнын эдийн засгийн чуулганд 4000 орчим зочин төлөөлөгч оролцсон нь өнгөрсөн оныхоос бараг 50 хувиар буурсан байна. Хэдийгээр төлөөлөгчдийн тоо цар тахлын хязгаарлалтаас болж цөөрсөн ч дэлхийн том компаниудын удирдлагууд, хөрөнгө оруулагч, улс орнуудын Засгийн газрын өндөр албан тушаалтан оролцсон нь чуулганы ач холбогдлыг бууруулаагүй гэдгийг зохион байгуулагчид нь онцолсон байна.
| Ши Жиньпин: Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаа сорилт, боломжийн аль алинтай нь тулгарч байна | ||
| Үзсэн: 722 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.