Шууд Chart

ОХУ Алс Дорнодын бүс нутагтаа гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна

2021-09-06 11:38:28

Дорнын Эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 2-4-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдлаа. Дорнын эдийн засгийн 6 дахь удаагийн чуулганд Оросын Төрийн тэргүүний урилгаар дэлхийн 60 гаруй орны зочин төлөөлөгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч цахимаар болон биечлэн оролцлоо. Энэ чуулганы гол зорилго Алс Дорнодын бүс нутагт бизнесийг хэрхэн дэмжих, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сайжруулах вэ гэдгийг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад илүү сайн ойлгуулахад чиглэсэн гэдгийг Оросын эрх баригчид мэдэгдсэн юм.

Дорнын эдийн засгийн чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн оролцож, Алс Дорнодын бүс нутгаа хөгжүүлэх чиглэл баримталж байгаа Оросын бодлого, мөн Афганистаны байдал, “Ковид-19” цар тахал, Украины байдал, Японтой энхийн гэрээ байгуулах зэрэг өргөн хүрээний сэдвээр байр сууриа илэрхийлсэн. Японтой энхийн гэрээ байгуулах тухайд өмнө нь эхлүүлсэн яриа хэлэлцээг урагшлуулах сонирхлоо илэрхийллээ. Ингэхдээ ОХУ, Японтой маргаантай байгаа Курилийн дөрвөн арлын асуудлыг хэлэлцээнд багтаах сонирхолтой байна.

Мөн Өөрөөр хэлбэл Орос Курилийн арлууд дээр урьд өмнө байгаагүй эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Энд компаниуд хөрөнгө оруулбал 10 жилийн хугацаанд ашгийн хөрөнгийн, газрын, тээврийн зэрэг олон төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдөх юм байна. Эдгээр татварын хөнгөлөлтүүд Орос, Японы бизнес эрхлэгчид болон гадны хөрөнгө оруулагчдад аль алинд үйлчлэх юм байна. Өнгөрсөн онд ОХУ Үндсэн хуулиндаа газар нутгаа бусдад өгөхийг хориглосон нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ өөрчлөлт Энхийн гэрээ байгуулахтай холбоотой Москвагийн байр суурийг өөрчлөхгүй гэж Путин онцоллоо.

Тэрбээр “Бид харилцаагаа бүрэн хэвийн болгох, хөгжлийн хамтын ажиллагаанд стратегийн сонирхолтой байдгийн хувьд Москва, Токиогийн хооронд энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь утгагүй хэрэг. Энхийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээнд бид энх тайван ирээдүйг баталгаажуулах ёстой. Энэ нь манай хил орчмын нутагт Америкийн цэрэг, пуужин байрлуулахгүй гэсэн баталгааг бид авах ёстой гэсэн үг юм. Бид эдгээр асуудлыг Японы талд тавьсан, гэхдээ хараахан хариу ирээгүй байна” гэсэн юм.

Москвагийн энэ мэдэгдэл бизнес эдийн засаг талдаа үр ашигтай байж болох ч дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн газар нутгийн маргааныг шийдвэрлэх боломжийг бүдгэрүүлж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна. Оросын тал Курилын арлууд, Япончууд Хойд Газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын маргааныг шийдвэрлэж, Энхийн гэрээнд хүрэхийн тулд Кремлийн тэргүүн Путин, Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нар 2012 оноос хойш нийтдээ 25 удаа уулзсан ч үр дүнд хүрээгүй байгаа юм. Энэхүү газар нутгийн маргаанаас болж Орос, Япон хоёр өнөөдрийг хүртэл дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсоор дуусгах Энхийн гэрээ байгуулж чадахгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Алс Дорнодын бүс нутагтаа гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй