АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден есдүгээр сарын 11-ний террорист халдлагын талаарх мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргахаар болжээ. Тэрбээр 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагатай холбоотой мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргах боломжтой эсэхийг судлахыг Хууль зүйн яам болон бусад холбогдох байгууллагууддаа үүрэг болгожээ.
Ерөнхийлөгч Жо Байден Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгалтын мэдээллийг нууцаас гаргах судалгааг хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон тушаалд гарын үсэг зуржээ.
Ингэснээр тус улсын Хууль зүйн яам болон бусад холбогдох агентлагууд 180 хоногийн дотор судалгааг хийж, үндэсний аюулгүй байдалд харшлахгүй гэж үзсэн бүх баримт материалыг нийтэд задруулах юм байна.
Есдүгээр сарын 11-ний халдлагын 20 жилийн ой болох гэж байгаа ийм үед Америкийн ард түмэн тэрхүү халдлагын талаарх Засгийн газрынхаа мэддэг зүйлийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байх ёстой гэж Цагаан ордны тэргүүн мэдэгджээ.
Хорин жилийн өмнө болсон уг халдлагаар амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн Саудын Арабын Засгийн газрын албан тушаалтнууд уг халдлагад оролцсон гэж сэжиглэж байгаа учраас мэдээллийг нууцаас гаргахыг шаардаж иржээ.
Олон улсын алан хядах байгууллага гэгддэг Аль Каидагийн толгойлогч байсан Осама бин Ладен нь Саудын Араб гаралтай хүн байсан. Гэхдээ Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгалтын явцад Саудын Арабын Засгийн газар Аль Каида бүлэглэлийг дэмжсэн гэх мэдээ баримт олдоогүй юм байна.
| АНУ есдүгээр сарын 11-ний халдлагын мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргана | ||
| Үзсэн: 2205 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.