Энэ жил "ковид-19" цар тахлын халдварын улмаас Дорнын эдийн засгийн чуулганд уригдсан улс орнуудын эрх баригчид цахимаар оролцож, өөр өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Хятадын дарга Бүс нутгийн хамтын ажиллагаанд гарч байгаа сорилт боломжуудыг онцолсон бол Энэтхэгийн Ерөнхий сайд өөрийн орны ажиллах хүчний нөөц бололцоонд гол ач холбогдол өгчээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дорнын эдийн засгийн чуулганд цахимаар оролцож үг хэлэхдээ "ковид-19" цар тахлын нөлөөгөөр Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа сорилт боломжийн аль алинтай нь тулгарч байгааг онцоллоо. Тухайлбал, цар тахалтай тэмцэхийн тулд бүс нутгийн орнууд бие биедээ туслах, вакцины судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт хүмүүнлэгийн тусламжийг илүү их олгох шаардлагатай байгааг ч Ши Жиньпин тэмдэглэжээ. Харин Хятад улс вакцин болон коронавирусний уг гарлыг судлах ажлыг улс төржүүлэхийн эсрэг байгаагаа ч илэрхийлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Яг одоо дэлхий ертөнц эрс өөрчлөгдөж байна. "Ковид-19" цар тахлын байдал тогтворгүй байна. Дэлхийн эдийн засаг хүнд байдалд байгаа ч сэргэх хандлагатай байна. Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа маш ноцтой сорилтуудтай тулгарч байгаа ч бас том боломжууд гарч ирж байна” гэж ярьжээ.
БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди “Энэтхэг улсад авьяаслаг, чин сэтгэлээсээ хандах ажиллах хүчний арвин нөөц байна. Иймээс Энэтхэгийн ажиллах хүч Оросын алс Дорнодын хөгжилд хувь нэмрээ оруулах асар их боломж байна” гэжээ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын тухайд ОХУ-ын алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх эдийн засгийн төв болгох том зорилготой олон улсын платформ болж өргөжиж байна.
Дэлхийн 60 гаруй улсын төлөөлөгч, бизнес эрхлэгчид дэд бүтэц, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэж жил тутамд болдог уг чуулганд оролцдог юм.
| Ши Жиньпин: Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа сорилт, боломжийн аль алинтай нь тулгарч байна | ||
| Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.