Шууд Chart

Владимир Путин Японтой энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийллээ

2021-09-05 09:05:59

ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 2-4-ний хооронд зохион байгуулагдаж байгаа Дорнын эдийн засгийн зургаа дахь удаагийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японтой энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг урагшлуулах сонирхлоо илэрхийллээ.

Ингэхдээ ОХУ Японтой маргаантай байгаа Курилын дөрвөн арлын асуудлыг хэлэлцээнд багтаах сонирхолтой байна. Мөн маргаантай байгаа Курилын арлуудад татварын онцгой хөнгөлөлт, нөхцөлийг олон улсын бизнес эрхлэгчид, гадаадын хөрөнгө оруулагчдад санал болголоо.

Өнгөрсөн онд ОХУ үндсэн хуульдаа газар нутгаа бусдад өгөхийг хориглосон нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ энэ өөрчлөлт энхийн гэрээ байгуулахтай холбоотой Москвагийн байр суурийг өөрчлөхгүй гэж Владимир Путин онцолжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид харилцаагаа бүрэн хэвийн болгох, хөгжлийн хамтын ажиллагаанд стратегийн сонирхолтой байдгийн хувьд Москва, Токиогийн хооронд энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь утгагүй хэрэг. Энхийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээнд бид энх тайван ирээдүйг баталгаажуулах ёстой. Энэ нь манай хил орчмын нутагт Америкийн цэрэг, пуужинг байрлуулахгүй гэсэн баталгааг бид авах ёстой гэсэн үг юм. Бид эдгээр асуудлыг Японы талд тавьсан. Гэхдээ хараахан хариу ирээгүй байна” гэжээ. 

Үүнээс гадна Орос, Японы хооронд маргаантай байдаг Курилын дөрвөн арлыг эдийн засгийн чөлөөт харилцааг хөгжүүлэхэд ашиглах зорилтоо илэрхийлжээ.

Владимир Путин “Бид Курилын арлууд дээр урьд өмнө байгаагүй эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх гэж байна. Энд компаниуд хөрөнгө оруулбал 10 жилийн хугацаанд ашгийн хөрөнгийн, газрын, тээврийн зэрэг олон төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдөх болно" гэдгийг Дорнын эдийн засгийн чуулганы индрээс мэдэгдлээ.

Эдгээр татварын хөнгөлөлтүүд Орос, Японы бизнес эрхлэгчид болон гадны хөрөнгө оруулагчдад үйлчлэх юм байна. Москвагийн энэ мэдэгдэл бизнес, эдийн засаг талдаа үр ашигтай байж болох ч дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн газар нутгийн маргааныг шийдвэрлэх боломжийг бүдгэрүүлж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна.

Оросын тал Курилын арлууд, Япончууд Хойд газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын маргааныг шийдвэрлэж, энхийн гэрээнд хүрэхийн тулд Кремлийн тэргүүн Владимир Путин, Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нар 2012 оноос хойш нийтдээ 25 удаа уулзсан ч үр дүнд хүрээгүй байгаа юм.

Энэхүү газар нутгийн маргаанаас болж Орос, Япон хоёр өнөөдрийг хүртэл дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсоор дуусгах энхийн гэрээ байгуулж чадахгүй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин Японтой энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийллээ   
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй