Шууд Chart

АНУ-ын засаг захиргаа гамшигт өртсөн мужуудыг богино хугацаанд сэргээн босгоно

2021-09-05 08:50:10

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден "Айда" хар салхи дайрсан Луйзана муж болон үерийн улмаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийг түр орогнуулж байгаа газруудад очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр гамшгаас учирсан хохирлыг маш хурдан тооцоолж, холбооны засгийн газраас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж амласан байна.

Цагаан ордны тэргүүн Луйзана мужид гамшигт өртсөн иргэдтэй уулзах үедээ иргэдийн аж байдлыг богино хугацаанд хэвийн байдалд нь эргэн оруулж, гамшгийн бүсийг ойрын хугацаанд сэргээн босгоно гэдгээ амлажээ. Мөн тэрбээр гамшигт нэрвэгдсэн мужуудад тусламж хүргэх ажлаа эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Өнгөрсөн ням гарагаас хойш "Айда" хар салхи АНУ-ын зүүн өмнөд эргийн бүс нутаг болон Зүүн эргийн мужуудыг дайрч, их хэмжээний үер усны гамшиг дагуулсан байна.

Луйзана мужид гэхэд 850 гаруй мянган хүний орон гэр гэрэл цахилгаангүй болжээ. Долоо хоногийн дундуур хар салхины эрч суларчсан ч хойд зүг рүү чиглэн шуурч, Нью-Йорк, Нью Жерси зэрэг мужуудад их хэмжээний аадар бороо дагуулжээ.

"Айда" хар шуурганы улмаас АНУ-ын хэд хэдэн мужид олон арван байшин барилга сүйдэж, үер усны гамшиг нүүрлээд байна. Тухайлбал Нью-Йоркийн метроны буудлууд болон метроны зам үерийн усанд автжээ.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэхүү байгалийн гамшгийн улмаас найман мужид 60 орчим хүн амь насаа алдсан байна. "Айда" хар салхи нь АНУ-ын эх газарт их хэмжээний хохирол дагуулсан хамгийн хүчтэй тав дахь хар салхи гэж тооцогдож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден пүрэв гарагт Цагаан ордонд хэлсэн үгэндээ "Айда" хар салхи, түүнийг дагасан үер, мөн Калифорни мужид асаж байгаа ой хээрийн түймэр зэрэг нь цаг уурын хямрал ирснийг илтгэж байна гэж дүгнэсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын засаг захиргаа гамшигт өртсөн мужуудыг богино хугацаанд сэргээн босгоно   
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй