Шууд Chart

Афганистаны хойд нутгийн зэвсэгт бүлэглэл Талибанд бууж өгөхгүй гэдгээ мэдэгдэв

2021-08-24 12:08:31

Афганистаны хойд нутагт төвлөрдөг, Талибан хөдөлгөөнийг эсэргүүцэгч гол бүлгийн толгойлогч Ахмед Массуд эвлэрлийн яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол Талибантай дайтахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Ингэснээр Талибан хөдөлгөөн улс орноо бүхэлд нь захирч чадах эсэх бүрхэг боллоо гэж шинжээчид үзэж байна.

Афганистаны хойд нутагт үүрлэдэг "Хойд Эвсэл" бүлгийн толгойлогчдын нэг, 1980-аад онд Зөвлөлтийн армитай тулалдаж байсан партизаны дайны гол удирдагчдын нэг Ахмед Шах Массудын хүү Ахмед Массуд Панжшер мужид Талибаны дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Одоогоор Афганистаны зүүн хойд Панжшер муж нь Талибаны хяналтад ороогүй байгаа муж юм байна. Массудын энэ бүлэглэл Талибан хөдөлгөөнийг өмнө нь засаглаж байхад тэдний эсрэг байлдаж байжээ. Мөн Афганистаны Багхлан мужийн орон нутгийн зэвсэгт босогчид давшилт хийж, зарим дүүргүүдийг Талибаны хяналтаас булааж авсан байна.

Энэ үеэр Талибан хөдөлгөөн шинэ Засгийн газар байгуулахаар өмнөх Засгийн газрын зарим албан тушаалтантай яриа хэлэлцээ хийж байна. Талибан хөдөлгөөн аюулгүй байдлын үүднээс болон хамтран ажиллах чармайлтын үүднээс 34 мужийн 20 гаруйд нь өмнөх Засгийн газарт ажиллаж байсан захирагч нартай уулзалт хийхээр ярилцаж байгаагаа мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистаны хойд нутгийн зэвсэгт бүлэглэл Талибанд бууж өгөхгүй гэдгээ мэдэгдэв   
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй