Шууд Chart

АНУ Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сунгах эсэхийг бусад улстай хэлэлцэж байна

2021-08-24 10:38:52

АНУ есдүгээр сарын 1-нээс өмнө Кабулаас өөрийн иргэдээс гадна дайны үед Америк болон холбоотнуудын талд ажилласан олон мянган Афганчуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Харин Афганаас гарах иргэдийн тоо нэмэгдсэн учраас АНУ Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сунгах боломжийг бусад улсуудтай хэлэлцэж байна. Харин Талибан хөдөлгөөн гадны цэргийн хүчнийг улс орноос нь гарах хугацааг сунгахгүй байхыг анхааруулсан байна.

АНУ-ын эрх баригчид "Исламын улс" бүлэглэл нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд аюул занал учруулж болзошгүй байгаа ч өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүлгэн шилжүүлэх ажиллагааг өргөжүүлж, сүүлийн 36 цагийн дотор 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Мөн Пентагон наймдугаар сарын 14-нөөс хойш Афганистанаас 28 мянга гаруй, долоодугаар сараас хойш 33 мянга гаруй хүнийг Кабулаас гаргаж, Катар, Кувейт зэрэг холбоотон улсууд руугаа нүүлгэн шилжүүлээд байна. Тэдгээрийн 2500 орчим нь Америкийн иргэд, бусад нь НАТО-гийн гишүүн орнуудын дипломатууд болон Афганы иргэд юм байна. Дээрх орнууд дахь Америкийн цэргийн баазуудын ачаалал хэтэрсэн учраас тэднийг дахин шилжүүлэх шаардлагатай тулгараад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “Одоогоор нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сунгах эсэхийг бусад орны эрх баригчидтай хэлэлцэж байна. Гэхдээ сунгахгүй болов уу гэж найдаж байгаа. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гурван зүйлийг тодруулж хэлмээр байна. Нэгдүгээрт, Кабулаас хөөрч байгаа онгоц шууд Америк руу нисэхгүй байгаа. Тэд Америкийн цэргийн баазууд болон олон улсын дамжин өнгөрөх төвүүдэд бууж байна. Хоёрдугаарт, тэдний бууж байгаа газруудад Америкийн иргэн ч бай, хууль ёсны байнгын оршин суугч ч бай ялгаагүй хүн бүрийн аюулгүй байдлыг шалгаж байна. Гуравдугаарт, аюулгүй байдлыг нь бүрэн шалгасны дараа өнгөрсөн 20 жилийн хугацаанд дайны үед бидэнд тусалж хамтран ажилласан Афганчуудыг бид эх орондоо хүлээж авах болно” гэжээ. 

АНУ одоо Афганаас 15 мянган иргэнээ, өөрийн холбоотон Афганы иргэд, тэдний гэр бүлийн гишүүд гээд 50 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр зорьж байна. Одоо Кабулын нисэх онгоцны буудалд эх орноосоо дүрвэх гэсэн олон мянган Афганчууд цугларсан учраас олон улсын нүүлгэн шилжүүлэх ажиллагаа маш хүнд нөхцөл байдалд үргэлжилж байна.

АНУ-ын засаг захиргаа Кабулын нисэх буудлын аюулгүй байдлыг хангах талаар Талибан хөдөлгөөнтэй хэлэлцэж тохирсон юм байна. Америкийн паспорттой хэнийг ч Талибан хөдөлгөөн нисэх буудал руу саадгүй нэвтрүүлж байгааг Пентагоны тэргүүн баталсан байна.

Өнөөдөо "Долоогийн бүлэг"-ийн эрх баригчид цахимаар хуралдаж, Афганистаны байдлыг хэлэлцэх юм байна. Энэ хурлын үеэр Британийн Ерөнхий сайд нүүлгэн шилжүүлэх хугацааг сунгах талаар Америкийн тТөрийн тэргүүнд хүсэлт гаргахаар төлөвлөж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сунгах эсэхийг бусад улстай хэлэлцэж байна  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй