Өмнөд Солонгос, АНУ-ын цөмийн зэвсгийн асуудлаарх тусгай төлөөлөгчид өчигдөр Сөүл хотноо уулзалт хийжээ. Хоёр тал Умард Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэж, Пхеньяныг хэлэлцээний ширээнд эргэн суухыг уриалсан байна.
Өмнөд Солонгост дөрөв хоногийн ажлын айлчлал хийж байгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Сён Ким Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Но Кю Дюктэй уулзалт хийжээ.
Энэ үеэр Америкийн тал хоёр Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж, Америк хоёр Солонгос хоорондын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны төслүүдийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Харин Өмнөд Солонгосын төлөөлөгч хоёр тал хүмүүнлэгийн салбарт тэр дундаа Умард Солонгост эрүүл мэнд, цэвэр ус, эмнэлгийн хэрэгсэл зэрэг хүмүүнлэгийн тусламжийг олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан олгохоор хэлэлцлээ гэж мэдэгджээ.
Жо Байдены тусгай төлөөлөгч Сөүлд айлчилж байгаа нь Солонгосын хойгийн яриа хэлэлцээ ойрын үед эхлэхгүй нь гэсэн хардлагыг няцаах, Америк Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтаас үүдэлтэй хурцадмал байдлыг намжаах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.
| БНСУ болон АНУ БНАСАУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхээр хэлэлцлээ | ||
| Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.