Шууд Chart

Ангела Меркель: ОХУ "Хойд урсгал-2" хийн хоолойг Украины эсрэг ашиглавал нэмэлт хориг тавина

2021-08-24 09:39:27

Германы канцлер хэрвээ ОХУ "Хойд урсгал-2" хийн хоолойг Украины эсрэг ашиглавал Москвад нэмэлт хориг тавина гэж Киевд айлчлах үеэрээ мэдэгджээ. Герман улс Оросын уг төсөлд оролцож байгаагийн хувиар Украинд улс төрийн баталгаа өгч байна гэж ажиглагчид дүгнэж байна. Оросын Германтай хамтран хэрэгжүүлж байгаа 12 тэрбум долларын хөрөнгө оруулалттай "Хойд урсгал-2" хийн хоолойн бүтээн босголт энэ намар дуусах төлөвтэй байна.

Германы канцлер Ангела Меркель Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзах үедээ "Хойд урсгал-2" төслөөс болгоомжилж байгаа Украины байр суурийг ойлгож байна гэдгээ илэрхийлжээ. Украин, Америк, Төв болон зүүн Европын орнууд "Хойд урсгал-2" хийн хоолойг бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлнэ гэж эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, энэхүү хийн хоолой Европын бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэлтэд тавих Москвагийн хяналтыг бэхжүүлж, нөлөөгөө тэлэх зорилгод үйлчилнэ гэж болгоомжилж байна.

Одоо Орос Украины нутгаар байгалийн хий дамжлуулах гэрээ хэрэгжиж байгаа. Энэ гэрээний хугацаа 2024 онд дуусахаар Орос хий дамжуулахгүй болвол Украины эдийн засагт хий дамжуулах төлбөрт орж ирдэг олон тэрбум доллар үгүй болно гэж Киев сэрэмжилж байгаа юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский "“Хойд урсгал-2" хийн хоолой бол зэвсэг гэдэгт бид эргэлзэхгүй байна. Энэ төсөл Украин төдийгүй Европт аюул учруулж байгааг ойшоохгүй байж болохгүй гэж бодож байна. Украин улс "Хойд урсгал-2"-ыг эдийн засгийн өнцгөөс юм ярихгүй. Та бүхэн одоо Европт байгалийн хийн үнийг хэн хянаж, хэрхэн өсгөж байгааг харж байгаа байх” гэж яриьжээ. 

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель “Бид "Хойд урсгал-2"-ыг Украины эсрэг ашиглахгүй гэдэг дээр Вашингтонтой тохирсон. Хэрвээ энэ хийн хоолойг улс төрийн зэвсэг болгон ашиглаж байна гэсэн хардлага нотлогдвол бидний тохиролцооны дагуу Москвад нэмэлт хориг арга хэмжээ авна гэдгээ маш тодорхой илэрхийлсэн байгаа” гэсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт Ангела Меркель Москвад айлчлахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Энэ үеэр Оросын Ерөнхийлөгч Украинтай байгуулсан гэрээг сунгах боломжтой, гагцхүү Украины талын гэрээний нөхцөл чухал үүрэгтэй гэж мэдэгдсэн юм.

Улс орнуудын дунд маргаан, болгоомжлол үүсгээд байгаа энэ хийн хоолой нь Оросын байгалийн хийг Балтийн тэнгисийн ёроолоор Герман руу гаргах зориулалтаар тавигдаж байна. ОХУ Европын холбооны байгалийн хийн 40 хувийг хангадаг.

Улмаар 1220 гаруй км урттай, "Хойд урсгал-2" хийн хоолой ашигалалтад орсноор Оросын Европ руу чиглэсэн хийн экспорт жилд 55 тэрбум куб метр болж нэмэгдэх юм. Мөн Оросын Германд нийлүүлэх хийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ангела Меркель: ОХУ "Хойд урсгал-2" хийн хоолойг Украины эсрэг ашиглавал нэмэлт хориг тавина   
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй