Британийн Засгийн газрын судалгаагаар хөлбөмбөгийн 6400 гаруй шүтэн бишрэгч энэ онд Лондонд болсон "Евро-2020" Европын аварга шалгаруулах тэмцээний найман удаагийн тоглолтыг үзэх үедээ коронавирусний халдвар авсан байж магадгүй дүн гарчээ.
Тус улсын Засгийн газар эдийн засгаа бүрэн нээхийн өмнөхөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудын цар тахлын тархалтад үзүүлсэн нөлөөлөлд хийсэн дүн шинжилгээ бүхий судалгааг танилцуулжээ.
Британийн эрх баригчид "Ковид-19" цар тахал хэрхэн тархаж байгааг хянах үүднээс зарим томоохон үйл ажиллагааг тодорхой нөхцөлтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрч ирсэн юм.
Лондонд болсон "Евро-2020" хөлбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт болон бусад долоон тэмцээнийг нийт 350 гаруй мянган хүн үзэж сонирхсон байна.
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд шүтэн бишрэгчдийг нэвтрүүлэхийн өмнө коронавирусний вакцин хийлгэсэн эсэх, шинжилгээний сөрөг хариутай эсэхийг нь шалгаж оруулж байсан юм.
Судалгаагаар тэдгээр шүтэн бишрэгчдээс 9400 гаруйд нь "Ковид-19" цар тахлын халдвар илэрсэн байна. Халдварын далд үеийг тооцохоор шүтэн бишрэгчдийн 3000 гаруй нь цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх үедээ аль хэдийнэ халдвар авсан байж магадгүй дүр зураг гарчээ. Үүний зэрэгцээ Англиудын тоглосон шигшээ болон хагас шигшээ тоглолтуудын үеэр "Ковид-19" цар тахал хамгийн их халдварласан гэж үзэж байгаа юм байна.
Энэ үеэр Британи даяар "Ковид-19" цар тахлын халдварын шинэ тохиолдол эрс нэмэгджээ. Мөн эрдэмтэд цэнгэлдэх хүрээлэнгүүдийн гаднах задгай талбайд болон шар айрагны газруудад цуглаж хөлбөмбөгийн тоглолт үзсэн шүтэн бишрэгчид цар тахлын тархалт эрс нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ.
Мөн дээрх судалгааг хийсэн эрдэмтэд цар тахал хэт ойр зайнаас харилцсан нөхцөлд ямар хурдан тархдаг болохыг үзүүлсэн дата мэдээллийг харуулж байна. Мөн тэд олон хүн цугласан газраар явахдаа заавал амны хаалт зүүхийг ард иргэдэд хандан уриалжээ.
| Лондонд болсон "Евро-2020" ЕАШТ Британид цар тахлын халдвар нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ | ||
| Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.