ХБНГУ-ын засгийн эрхийг тасралтгүй 16 жил барьсан, канцлер Ангела Меркель бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнөхөн ОХУ-д айлчилж, Кремлийн тэргүүнтэй олон сэдвээр яриа хэлэлцээ хийлээ.
Энэ айлчлалын үеэр ОХУ Украинаар байгалийн хийгээ дамжуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ нь Москва Герман руу байгалийн хий нийлүүлэх "Хойд урсгал-2" хийн хоолойг тавьж дуусахаар Украиныг орхин гарах нь гэсэн Европын орнуудын болгоомжлолд өгсөн хариулт гэж шинжээчид үзэж байна.
Бүтээн босголт нь дуусах дөхөж байгаа "Хойд урсгал-2" төсөл Америк болон Европын зарим орнуудын дургуйцэл, болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. Одоо уг хоолойг 15 км газарт тавиад дуусах юм байна. Энэхүү хийн хоолой нь Оросын байгалийн хийг Герман болон Европын бусад улс руу аюулгүй, хямд гаргах чухал дэд бүтэц болно гэж ОХУ үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид таныг холбооны Канцлерын үүрэгт ажлаа өгснөөс хойш ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Үүний зэрэгцээ бид 2024 онд гэрээний хугацаа дууссаны дараа ч Украинаар байгалийн хий дамжуулалтаа үргэлжлүүлэх сонирхолтой байна. Гэхдээ бид эхлээд Европын түншүүд маань ямар хугацаанд, ямар хэмжээтэй хий авах гэх мэт гэрээний шинэ нөхцөлийн талаар ойлголттой болох хэрэгтэй байна” гэлээ.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель “Бид Украинаар хий дамжуулах тухай хэлэлцээрийг 2024 оноос хойш сунгах тухай хэлэлцээг хийлгэхээр туршлагатай төлөөлөгч Граф Вальдерсиг дахин томилсон талаар ерөнхийлөгч Путинтэй ярилцлаа. Мэдээж гэрээг шинэлэхийн тулд эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг тусгаж өгөх нь зүйтэй” гэв.

Үүний зэрэгцээ Ангела Меркель Украины нутаг дахь зэвсэгт тэмцлийг зогсоох хүчин чармайлтад ахиц гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Украинд энх тайван тогтоох тухай Нормандын дөрвөлийн яриа хэлэлцээ мухардалд орж, талууд 2019 оноос хойш уулзаагүй байгаа юм.
Афганистаны тухайд ОХУ алан хядагчдыг Афганы хөршүүд рүү орохоос урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг онцолжээ. Ангела Меркель Алексей Навальныг суллахыг уриалсан бол асуудалд Москва түүнийг улс төрийн үйл ажиллагааных нь төлөө ял оноогоогүй, улс орныхоо хуулийг зөрчсөн учраас шүүхээс ял оноосон гэсэн байр суурь илэрхийлжээ.
Хэдийгээр Владимир Путин, Ангела Меркель нар зарим асуудалд байр суурийн зөрүүтэй байдаг ч гэсэн ойр харилцаагаа хадгалж ирсэн юм.

| ОХУ: Украины нутгаар байгалийн хий дамжуулах гэрээг сунгах боломжтой | ||
| Үзсэн: 1692 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.