НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын комиссын зөвлөх эрдэмтэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сүүлийн 8 жилд хийсэн шинэ судалгааны тайлангаа танилцууллаа. Тус тайланд улс орнуудыг хүлэмжийн хийг бууруулахгүй бол дэлхийн дулаарал цаг уурын хэт халалт, халуун бүсийн аадар борооны давтамжийг нэмэгдүүлэхэд хүргэж магадгүйг анхааруулжээ.
Энэ нь 2013 оноос хойш хийгдсэн хамгийн том судалгаа юм байна. Найман жилийн хугацаанд олон улсад хийгдсэн судалгааг саяхан нэгтгэж, нэгдсэн тайланг гаргаж байгаа нь энэ ажээ. Энэхүү шинэ тайлангаас "Хүн төрөлхтний үйлдэл дэлхийн уур амьсгалыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр өөрчилж, зарим тохиолдолд эргэж өөрчлөгдөхгүйгээр нөлөөлж байна. Хэрэв дэлхий нийтээрээ яаралтай арга хэмжээ авч чадвал байгаль экологийн сүйрлээс зайлсхийх боломжтой" гэсэн нэгдсэн дүгнэлт гарсан байна.
2015 онд батлагдсан Парисын хэлэлцээрээр дэлхийн температурын дундаж өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үеийн хэмжээнд буюу цельсийн 1,5 хэмд барихын төлөө хүчин чармайлт гаргахыг улс орнуудад уриалсан. Гэвч сая гарсан тайлангаар 2020 он хүртэлх 10 жилийн хугацаанд дэлхийн температур аль хэдийн 1.09 хэмээр нэмэгджээ. Хэрвээ хүлэмжийн хийг 2050 он гэхэд тэг түвшинд хүргэж хязгаарласан ч гэсэн агаарын температур 2040 он гэхэд 1,5 хэмээс давах магадлал 50 гаруй хувьтай байгаа юм байна.
Түүнчлэн дунджаар 50 жилд нэг удаа тохиодог цаг агаарын хэт халах үзэгдэл 19 дүгээр зууны сүүлийн хагаст аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс 4,8 дахин илүү давтамжтай болжээ. Хэрвээ цаг уурын температур 1,5 хэмээс өсвөл энэ давтамж 8,6 дахин, 2 хэмээр нэмэгдвэл 13,9 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна. Мөн дунджаар 10 жилд нэг удаа тохиодог 1 өдөрт их хэмжээгээр унадаг хур тундасны хэмжээ одоогоор 1,3 дахин их давтамжтай байгаа бол цаг агаарын хэм 1,5 хэмээс давбал энэ давтамж 1,5 дахин болж нэмэгдэх, цаг агаарын хэм 2 хэмээс давбал 1,7 дахин их давтамжтай болох төлөвтэй байна гэж дээрх тайланд анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын дэд дарга Ко Барретт хэлэхдээ, “Бид дэлхий дулаарч байгааг хэдэн жилийн өмнөөс мэддэг болсон. гэхдээ бидний судалгаа цаг уурын өөрчлөлт хурдтай тэлж, урьд өмнө байгаагүйгээр өөрчлөгдөж байгааг нотолж байна. Ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн 40жилд дэлхий аж үйлдвэрийн өмнөх үеэс хойших хамгийн их халсан байна. Бүр цаашлаад хүний үйл ажиллагаа цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байгаа нь маргаангүй байна. Хүний хүчин зүйлээс үүдэж хат халах, хэт их хур тунадас унах, ган гачиг нүүрлэх зэрэг цаг уурын онцгой үзэгдлүүд ойрхон давтамжтай болж байна. Бид одоо дэлхийн болон бүс нутгийн түвшинд бий болсон энэ олон өөрчлөлтийг хүний хүчин зүйлтэй холбож үздэг болсон нь энэ тайлангийн нэг шинэлэг зүйл боллоо.” гэсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын тайлан нь дэлхийн дулааралтай тэмцэх олон улсын үйл ажиллагаанд ихээхэн нөлөөтэй байдаг. Энэ тайлан ирэх 11 дүгээр сард Британид болон НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын гол сэдэв болох төлөвтэй байна.
| НҮБ: Хүний хүчин зүйл цаг уурын өөрчлөлтөнд гол нөлөө үзүүлж байна | ||
| Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.