Афганистаны Талибан хөдөлгөөн гурван мужийн нийслэл хотуудыг хяналтдаа авчээ. Ингэснээр Талибууд өнгөрсөн баасан гарагаас хойш таван мужийн нийслэл хотод хяналтаа тогтоогоод байна.
Ням гарагт Талибан хөдөлгөөний дайчид Кундуз, Сари-Пуль, Тахар мужийн нийслэл Талукан зэрэг хотуудыг эзэлж авсан байна. Кундуз хотын хувьд энэ оны 5 дугаар сард байлдааны ажиллагаа идэвхэжсэнээс Талибуудын хяналтад очсон хамгийн чухал хотод тооцогдож байна. учир нь тус хот нь Афганистаны байгалийн баялаг ихтэй хойд мужууд руу гарах гол гарцад тооцогддог юм байна. Талибан хөдөлгөөн одоогоор засгийн газартайгаа гал зогсоох тохиролцоонд хүрээгүй байгаа.
Гэхдээ тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Аль Жазирад ярилцлага өгөхдөө Афганистаны дотоод асуудалд цаашид хөндлөнгөөс оролцохгүй байхыг НҮБ-д анхааруулсан байна. АНУ болон НАТО Афганд явуулсан 20 жилийн дайнаа дуусгаж, цэргээ татаж дуусаж байгаа энэ үед Афганистанд засгийн газрын арми болон Талибуудын хооронд байлдааны ажиллагаа эрчимжиж байна. Сүүлийн хэдэн 7 хоногт Талибууд амжилттай давшиж, улс орон даяар их хэмжээний газар нутаг эзлэн авч, одоо стратегийн чухал хотуудыг хяналтдаа авахаар байлдаанд идэвхийлэн оролцож байна.
Харин Афганистаны засгийн газар гол хот, хилийн боомтуудаа эргүүлж авахаар Талибуудын эсрэг байлдаж байгаа гэдгээ мэдэгджээ. Одоо хамгийн хүнд байлдааны ажиллагаа тус улсын баруун бүсийн Херат муж болон Кандахар, Лашкар-гах зэрэг өмнөд бүсийн хотуудад болж байна. Энэ он гарснаас хойш Афганы олон мянган иргэн дотооддоо болон гадагшаа дүрвэжээ.
Дохад эхлүүлсэн энхийн яриа хэлэлцээ мухардалд ороод байна. хоёр тал шилжилтийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрч байж л энэ хэлэлцээ сэргэх боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Шашны хэт тулгуур үзэлтэй, 1994 онд бий болсон Талибан хөдөлгөөн төрийн эрх мэдлийг хуваалцах зорилгоор засгийн газрын эсрэг байлдааны ажиллагаагаа идэвхжүүлсэн. Ингэхдээ улс орныг шариатын хуулиар удирдах ёстой гэсэн байр суурь баримталдаг юм байна.
| Талибан хөдөлгөөн гурван мужийн нийслэлийг хяналтдаа авчээ | ||
| Үзсэн: 1305 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.