Шууд Chart

Канад АНУ-ын вакцин хийлгэсэн иргэдэд хилээ нээнэ

2021-07-21 11:57:53

Канад улс коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан Америкийн иргэдэд ирэх наймдугаар сараас хилээ нээхээр төлөвлөж байна. Канадын вакцинжуулалтын явц сайн байгаагийн зэрэгцээ халдварт тохиолдлын тоо буурч байна. Хэрвээ цар тахлын халдвар энэ эрчээрээ буурвал тус улс есдүгээр сарын 7-ноос коронавирусний бүрэн тунд хамрагдсан олон улсын иргэдэд хилээ нээх юм байна.

Ингэхдээ зөвхөн Канад улсад ирэхийнхээ өмнө өгсөн Пи Си Ар шинжилгээний сөрөг хариутай, вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг улс орноос нь үл хамааран хилээр нэвтрүүлнэ. Харин АНУ-ын иргэд жуулчид болон Канадад байнга оршин суух эрхтэй америкчуудыг вакцинд хамрагдсан бол наймдугаар сарын 9-нөөс Канад улс хүлээж авах юм байна.

Канадын Засгийн газар өнгөрсөн 2020 оны гуравдугаар сард хилээ хааж, зөвхөн хүндэтгэх шалтгаантайгаас бусад гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй болсон. Түүнчлэн Америк болон Канадын аль аль нь хилийн боомтуудаар онцын шаардлагагүй зорчих хөдөлгөөнийг хориглосон юм.

Одоогоор АНУ Канадын иргэдийг хилийн боомтуудаар нэвтрүүлэх зөвшөөрөл хараахан олгоогүй байна. Канадын Засгийн газар коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан өөрийн улсын иргэддээ тавьж байсан тусгаарлах зэрэг хязгаарлалтуудыг энэ сарын эхээр цуцалсан юм.

Гэхдээ Канад улсад зөвшөөрсөн Пфайзер, Модерна, Астразенека, Жонсон энд Жонсоны вакцины аль нэгийг хийлгээгүй бол хилээр нэвтрээд 14 хоног тусгаарлагдах журам үйлчилж байна. Канадын хүн амын бараг 50 хувь нь коронавирусний бүрэн тунд, 70 гаруй хувь нь нэгдүгээр тунд хамрагджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад АНУ-ын вакцин хийлгэсэн иргэдэд хилээ нээнэ   
Үзсэн: 2161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй