Шууд Chart

Японы Ерөнхий сайд Токиогийн олимпын ач холбогдлыг онцлов

2021-07-21 09:45:15

"Токио-2020" зуны олимпын наадам эхлэхэд хоёр хоног үлдээд байна. Өчигдөр Олон улсын олимпын хорооны нэгдсэн чуулган Токио хотноо эхэллээ. Энэхүү чуулганд оролцсон Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Суга цар тахалтай ийм үед олимпын наадам зохион байгуулахын ач холбогдлыг тайлбарлаж, олимпын наадмыг амжилттай, аюулгүй зохион байгуулах бэлтгэл ажилд бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байгаагаа мэдэгджээ. 

Тэрбээр "Олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүд үзэгч, хөгжөөн дэмжигч багатай байлаа гээд Токиогийн олимпын наадамд харшлахгүй. Дэлхий даяар коронавирусний нөхцөл байдал дээрдээгүй байна. Гэхдээ шинжлэх ухаан вакцин гарган авснаар хонгилын үзүүрт гэрэл ассан. Одоо бид бүгдээрээ нэгдэх цаг үе ирлээ. Олон хүний хүч хөдөлмөр, оюун ухааны ачаар олимпын наадам ажилттай болох болно" гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Мөн олимпоор дамжуулан Япон улс 2011 оны газар хөдлөлт, цунамийн гамшгаар сүйдсэн зүүн хойд бүс нутагт сэргээн босголтыг ямар түвшинд хийсэн бэ гэдгээ дэлхий нийтэд харуулахын зэрэгцээ хүн бүхэн зэрэгцэн орших боломжтой нийгмийг бүтээхийн тулд паралимпаар дамжуулан чөлөөт сэтгэлгээний тухай ойлголтыг түгээхээр зорьж байгаа юм байна.

Цар тахлын хязгаарлалтын улмаас энэ удаагийн олимпын наадам өмнөх наадмуудаас ялгаатай болно. Гэхдээ Засгийн газар нэн тэргүүнд ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын зэрэгцээ тамирчид олон улсын төлөөлөгчдийг санаа зовох зүйлгүйгээр олимпод оролцуулахын төлөө бүх түвшинд бэлтгэл ажлыг хангаж байна.

"Токио-2020" зуны олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах болно гэж Япон улсын Ерөнхий сайд мэдэгджээ. Энэ нь цар тахлын халдвар давалгаалах эрсдэлтэй гэж үзэж, олимпын наадмыг эсэргүүцэж байгаа ард иргэдийнхээ сэтгэлзүйг тайвшруулахад чиглэсэн байр суурь гэж ажиглагчид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайд Токиогийн олимпын ач холбогдлыг онцлов  
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй