Токиогийн Олимпын хотхонд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснийг олимп зохион байгуулагчид мэдээлсэн.
Халдвартай нь илэрсэн Өмнөд Африкийн хөл бөмбөгийн багийн хоёр гишүүн, дэмжих багийн нэг нийт 3 хүний 1 дүгээр хавьтал болсон 21 хүнийг илрүүлж, хотхонд нь тусгаарласан байна. Илэрсэн халдварт тохиолдлыг голомтлон тараахгүйн тулд Олимп зохион байгуулах хороо урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгджээ.
Олимпын хотхонд халдвар илэрсэн тамирчидтай ойрын хавьтал болсон тохиолдлын дийлэнх хувь нь тамирчид байна. Нэгдүгээр хавьтал болсон тамирчдын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан нөхцөлд тоглож болно гэж Олимп зохион байгуулах хорооноос мэдээлжээ.
Даваа гарагийн байдлаар Олимпын хотхонд коронавирусний халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байна. Японы засгийн газар цар тахлын улмаас Олимпын наадмыг гадаадын үзэгч хөгжөөн дэмжигчгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэж, зөвхөн тамирчид, дэмжих ажилчид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч байгаа юм.
Өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагаас Олимпын хотхон тамирчдаа хүлээж авч эхэлсэн. Тус хотхонд орон орны 11 мянга гаруй тамирчин байрлаж байна. Тамирчдаас өдөр бүр шинжилгээ авч, хөдөлгөөний нь хатуу хянаж байгаа юм байна. Олимп зохион байгуулах хорооны мэдээлснээр 7 дугаар сарын 1-нээс хойш Японд ирсэн тамирчид, дэмжих багийн гишүүд гээд нийт 58 хүнээс коронавирусний халдвар илэрчээ.
Японы хүн амын дөнгөж 20 орчим хувь нь вакцинд хамрагдсан учраас иргэд нь олимпын үеэр цар тахлын давлагаа үүсэх бий гэж болгоомжилж байна. иймд Японы засгийн газар болон олимп зохион байгуулах хороо "Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс олимптой холбоотой бүх чиглэлд хатуу хяналт тавьж, тамирчид болон бусад төлөөлөгчдийн хөдөлгөөнийг хянаж, иргэдээ онцын шаардлагагүй бол муж хооронд зорчихгүй байхыг уриалж байна.
Токио 2020 зуны олимпын наадам энэ сарын 23-нд буюу энэ 7 хоногийн баасан гарагт эхэлнэ.
| Токио: Халдвараас сэргийлэх арга хэмжээг бүх түвшинд хэрэгжүүлж байна | ||
| Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.