Афганистаны засгийн газар болон Талибан хөдөлгөөн эрх мэдлийн төлөөх 20жилийн тэмцлээ дуусгах зорилгоор энх тайван тогтоох яриа хэлэлцээгээ урагшлуулахаар тохиролцоонд хүрчээ. Хоёр тал өчигдөр Катарын Доха хотноо уулзалт хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Тус хамтарсан мэдэгдэлд хоёр тал зэвсэгт тэмцэл үргэлжилж байгаа Афганы бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж оруулахад хамтран ажиллахаар болсныг тусгасан байна. Дохагийн уулзалтад Афганистаны засгийн газрыг төлөөлж энх тайвны үйл явцыг удирдаж байгаа Үндэсний нэгдлийн дээд зөвлөлийн дарга Абдулла Абдулла, Талибан хөдөлгөөнийг төлөөлж тус хөдөлгөөний дэд удирдагч Муллах Абдул Гани Барадар нар оролцжээ.
Афганистаны засгийн газар, Исламын хэт тулгуур үзэлт Талибан хөдөлгөөн өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш энхийн хэлэлцээ хийж байгаа боловч дорвитой ахиц гараагүй юм. Афганы засгийн газар нэн яаралтай гал зогсоох зорилготой байгаа бол Талибан хөдөлгөөн улс орныг Шариатын хуулийн дагуу удирдах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.
АНУ 2001 онд Афганистанд эхлүүлсэн терроризмын эсрэг дайнаа дуусгаж, Афганы аюулгүй байдлын орчин муу байгааг үл харгалзан цэргээ гаргаж дуусч байна. Иймд Афганистаны Засгийн газар болон Талибан хөдөлгөөн яриа хэлэлцээгээ хурдасгахад зөвшилцөлд хүрч чадах эсэхийг олон улс анхааралтай ажиглаж байна.
Америк болон НАТО-гийн цэрэг Афганаас гарч дуусч байгаа энэ үед Талибан хөдөлгөөн засгийн газрын армийн эсрэг эрчимтэй давшиж, стратегийн чухал байршил, боомт, хотуудыг эзлэн аваад байна. иймд улс орнууд Афганы байдал хөрш болон бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлын орчныг муутгах бий гэж мөн болгоомжилж байна.
| Афганистан болон Талибан хөдөлгөөн энхийн хэлэлцээгээ урагшлуулахаар тохиролцжээ | ||
| Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.