Шууд Chart

Индонезийн эмнэлэгүүд хүчилтөрөгчийн нөөцгүй болж байна

2021-07-20 11:53:57

Индонези улс коронавирусний халдварын Ази дахь шинэ голомт болсноос үүдэж тус улсын эмнэлгүүд хүчилтөрөгчийн хомсдолтой тулгарч байна. тус улсад сүүлийн 24 цагт коронавирусний халдварт 34мянга гаруй шинэ тохиолдол, нас барсан 1338 тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь Индонезид улсад Ковид-19 цар тахал анх бүртгэгдсэнээс хойш нас барсан хамгийн олон тохиолдол болжээ. Индонезид цар тахал давлагаалахад Энэтхэгт анх илэрсэн коронавирусний дельта хувилбарын тархалт гол нөлөө үзүүлж байгаа юм байна. Индонезид өдөрт бүртгэгдэж байгаа халдварын шинэ тохиолдлын тоо Энэтхэгт бүртгэгдэж байгаа тооноос давж байгааг ДЭМБ долдугаар сарын 12-нд зарлаж байсан.

Одоо тус улсын эмнэлэгүүд халдвартай өвчтөн нэмж хүлээж авах боломжгүй болж, улмаар халдвар авсан хүмүүс гэрээр эмчлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа аж. Тус улсын эмнэлгүүдийн хүчилтөрөгчийн хомсдолд орсон учраас халдвар авсан иргэдийн ар гэрийнхэн хүчилтөрөгч зардаг худалдааны байгууллагуудад хандаж байна.

Жакартад төвтэй иргэний нийгмийн нэгэн байгууллага хүчилтөрөгч худалдаж авч гэртээ өөрсдийгөө эмчилж байгаа хүмүүст үнэгүй хүргэж, тухайн өвчтөний биеийн байдал сайжрахаар, дахин цэнэглэж дараагийн өвчтөнд хүргэх зэргээр сайн дурын ажил зохион байгуулж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн эмнэлэгүүд хүчилтөрөгчийн нөөцгүй болж байна  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй