АНУ болон НАТО Афганистанд хийсэн 20 жилийн дайнаа дуусгаж, тус улсаас цэргээ гаргаж дуусаж байна. Афганы аюулгүй байдлыг хангаж байсан олон улсын цэрэг гарахтай зэрэгцээд Афганы Талибан хөдөлгөөн зэвсэгт хүчнийхээ эсрэг эрчимтэй давшсаар Иран, Узбекстан, Тажикстан, Пакистантай залгаа хилийн стратегийн чухал хэд хэдэн хот, боомтуудад хяналтаа тогтоолоо. Афганы энэ байдалд хөрш орнууд нь төдийгүй бүс нутгийн орнууд нь ихээхэн болгоомжилж, Афганистаны засгийн газрыг Талибуудтай яриа хэлэлцээ хийж, ойлголцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.
Тодруулбал, Америкийн тэргүүлсэн олон улсын цэргийн хүчин 2001 онд Афганд дайны ажиллагаа эхлүүлснээр Талибуудыг эрх мэдлээс буулгасан. Талибан нь Исламын шашны хэт тулгуур үзэлтэй зэвсэгт хөдөлгөөн. Афганд дайны хугацаанд ардчилсан сонгууль явуулж, шинэ үндсэн хууль батласан ч Талибан хөдөлгөөн удаан хугацаанд бослого өдөөж, системтэйгээр өргөжин тэлсээр Америк НАТО-гийн цэргийн хүчинтэй тэмцсээр ирсэн. Харин одоо Америк болон НАТО-гийн цэрэг Афганаас гарахаар Талибан хөдөлгөөн Афганистаны хот, боомтуудыг хяналтдаа авч, шариатын хуулийн хатуу дэг журмыг сэргээн тогтоож байгаа аж.
Маш олон газарт Талибууд Афганы засгийн газрын армитай байлдаж байна. Тэд Афганы газар нутгийн гуравны нэгд хяналтаа тогтоосон гэж тус улсад үйл ажиллагаа явуулдаг БИБИСИ-гийн салбар тооцоолол гаргажээ. Талибууд газар нутгийн 80 гаруй хувийг хяналтдаа авсан гэж мэдэгдэж байгаа ч үүнийг засгийн газар болон бусад талуудын хэн нь ч батлаагүй байгаа. Талибаны байлдааны ажиллагаа идэвхэжсэнээс үүдэж, Афганистаны иргэд болон зэвсэгт хүчнийхэн хүртэл хөрш улс орнууд руу дүрвэн гарсаар байна.
Афганы аюулгүй байдал хүндрэх төлөвтэй болсон энэ үед ШХАБ болон Төв Ази, өмнөд Азийн орнуудын уулзалт тус тус боллоо. Эдгээр уулзалтуудаар Афганистанд яаж энх тайван тогтоох вэ, Талибуудтай ямар арга зарчмаар яриа хэлэлцээ хийх, хэн зуучлах вэ, хөрш болон бусад том гүрнүүд Афганы байдалд ямар байр суурьтай байна вэ гэх мэт өргөн хүрээнд асуудлыг хэлэлцлээ. ШХАБ-ын уулзалтаар Тажикстаны хувьд Афганд энх тайван тогтоох олон улсын хүчин чармайлтанд НҮБ илүү их үүрэгтэй оролцох шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн.

Узбекистаны зохион байгуулсан Төв Азийн орнуудын уулзалтад Афганы ерөнхийлөгч Ашраф Гани Талибан хөдөлгөөтэй яриа хэлэлцээ хийх замаар улс орныхоо аюулгүй байдлыг сэргээн тогтоохоор ажиллаж байгаагаа мэдэгджээ. Харин Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавров Афганы энэ хямрал терроризмын аюулыг нэмэгдүүлж, мансууруулах бодисын хууль бус наймааг гааруулах гэх мэтээр хөрш орнууд руу халих эрсдэл маш өндөр боллоо. Иймд яриа хэлэлцээ хийх зарчмаар нөхцөл байдлыг тогтворжуулах нь зүйтэй гэж үзэж байгааг онцоллоо. Афганы дүрвэгсэд, зэвсэгт хүчнийхэн дүрвэж очиж байгаа Тажикстаны засгийн газар Афганы байдалд ихээхэн санаа зовниж байна, улс орныхоо аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ илэрхийлжээ.
Мөн Афганы дайны явцад 2 сая гаруй дүрвэгчийг нь хүлээж авсан Пакистаны ерөнхий сайд Афганд энх тайван тогтоох нь нэн тэргүүний асуудал, бид 2 сая дүрвэгчийг нь хүлээж авсан, одоо эргээд байдал хүндэрвэл бид дахиж дүрвэгч хүлээж авах боломж бололцоо байхгүй гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл пакистан Афганд одоо цэрэг дайны шийдлийн эсрэг байна. Гэхдээ Афган Пакистаныг Талибуудыг дэмжиж, алан хядагчдын үүр уурхай болдог гэж буруутгаж ирсэн.
Энэ байр сууриа ч одоо Афган хадгалж байна. Харин Америк Афган дахь исламын улс болон бусад бүлэглэлүүд эргэн сэргэхээс сэргийлэх, тэдэнд хяналт тавих чиглэлээр Афганистаны хөрш орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж, Талибуудтай гал зогсоох асуудлаар тохиролцохоор чармайж байна. Мөн Афганы засгийн газрын төлөөлөгч энх тайван тогтоох хэлэлцээг эхлүүлэхээр ойрын үед Дохад Талибан хөдөлгөөнийхөнтэй уулзах аж.
| Улс орнууд Афганистанд яриа хэлэлцээний арга замаар тогтвортой байдал тогтоох сонирхолтой байна | ||
| Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.