Шууд Chart

АНУ: Афганистаны орчуулагчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эрсдэлтэй тулгарч байна

2021-07-16 10:46:27

АНУ Афганы дайны 20 жилд олон улсын эвслийн цэрэгт хэл залгуулж, дэмжиж ажилласан орчуулагч, тэдний гэр бүлийнхнийг Афганистанаас гаргахаар бэлтгэж байна. Гэвч Афганистаны Талибан хөдөлгөөн Афганистан, Пакистаны хилийн гол боомтыг хяналтдаа авснаар тус нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эрсдэлтэй тулгарчээ.

Гэхдээ АНУ орчуулагч, тэдний гэр бүлийн гишүүдийг Афганаас нүүлгэн шилжүүлэх ажиллагааг долдугаар сарын сүүлийн 7 хоногт эхлүүлэхээр төлөвлөж байгааг Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Эхний нислэгээр Америкд оршин суух цагаачлалын тусгай виз нь гарсан хүмүүсийг татах юм байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч аюулгүй байдлын үүднээс эхний ээлжид хэчнээн хүнийг татах, тэднийг хаана байрлуулах тухай мэдээлэхээс татгалзжээ. Гэхдээ Байдены засаг захиргаа виз нь гарсан орчуулагчдыг Америк болон гуравдагч улсад түр байрлуулахаар ажиллаж аж.

Америкийн 2001 онд Афганд эхлүүлсэн дайны хугацаанд Афганы олон мянган орчуулагч хэлмэрч эвслийн цэрэгт орчуулж хэлмэрчлэх зэргээр дэмжиж ажиллажээ. Америкийн цэрэг Афганаас гарч дуусмагц дайны үед олон улсын эвслийг дэмжиж ажилласан орчуулагч хэлмэрчдийн аюулгүй байдал эрсдэлд орно гэсэн үүднээс тэднийг Афганаас яаралтай татахаар болсон. Гэвч сүүлийн хэдэн 7 хоногт Талибан хөдөлгөөн Афганистаны армийн эсрэг маш хурдтай давшиж, хэд хэдэн түшиц боомтуудыг хяналтдаа аваад байна.

Хамгийн сүүлд Пакистантай залгаа стратегийн чухал байрлалтай боомтыг эзлэн авчээ. Дайтагч хоёр талын хооронд энх тайван тогтоох хэлэлцээг эхлүүлэхээр Афганы засгийн газрын төлөөлөгч ойрын үед Дохад Талибан хөдөлгөөнийхөнтэй уулзах юм байна. Мөн Америк Афган дахь исламын улс болон бусад бүлэглэлүүд эргэн сэргэхээс сэргийлэх, тэдэнд хяналт тавих чиглэлээр Афганистаны хөрш орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байгаа юм байна.

Мөн өчигдөр Тажикстаны нийслэл Душанбед ШХАБ-ын гадаад харилцааны сайд нарын уулзалтаар Афганистаны аюулгүй байдлын асуудлыг хэлэлцжээ. Тажикстаны хувьд Афганд энх тайван тогтоох олон улсын хүчин чармайлтад НҮБ илүү их үүрэгтэй оролцох шаардлагатай гэж мэдэгджээ. Өнгөрсөн 7 хоногт талибууд Афганы газар нутгийн 85 хувийг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн боловч Афганы Засгийн газар уг мэдэгдлийг үгүйсгэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Афганистаны орчуулагчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эрсдэлтэй тулгарч байна   
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй