Шууд Chart

Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн аюулгүй байдлыг чангатгаж эхэллээ

2021-07-15 15:53:47

Найм хоногийн дараа Токио 2020 зуны Олимпын наадам эхэлнэ. Иймээс Японы эрх баригчид нийслэл Токио хот дахь Төв цэнгэлдэх хүрээлэн болон бусад олимптой холбоотой байгууламжуудын аюулгүй байдлыг чангатгаж байна.

Токио хотын цагдаагийн газар болон мужийн цагдаагийн хэлтсүүд өчигдөр Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборт аюулгүй байдлын шалгалт хийжээ. Үүний дараа цэнгэлдэхийн эргэн тойронд 24 цагийн харуул хамгаалалт гаргаж, Олимпын наадамд ажиллах албан ёсны нэвтрэх үнэмлэхтэй хүнээс бусад хүнийг нэвтрүүлэхгүй болжээ.

Олимпын наадам болон Паралимпын наадмын нийт 43 цэнгэлдэх хүрээлэнгийн аюулгүй байдлыг хангахад 10 гаруй мянган цагдаа, хүчний бие бүрэлдэхүүнийг дайчлах юм байна. Олимпын наадам эхлэхэд цөөн хоног үлдсэн энэ үед Олимпын наадмын нээлтэд хэн оролцох вэ гэдэг олон улсын анхаарлын төвд байна.

Японы эзэн хаан Нарухито Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд ганцаараа оролцож магадгүй гэж Японы төв хэвлэлд мэдээлж байна. Өмнө нь Япон улсад болж байсан Олимпын наадмуудад Эзэн хааны гэр бүлийн гишүүд оролцож, наадмын тэмцээн уралдааныг цэнгэлдэх хүрээлэнгээс үздэг байсан.

Харин энэ удаад цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс хааны гэр бүлийн гишүүд цэнгэлдэх хүрээлэнд очихгүй юм байна. Харин Японы эзэн хаан Нарухито ирэх 7 хоногийн баасан гарагт эхлэх Токио 2020 зуны Олимпын наадмыг нээх юм.

Энэ жил цар тахлын улмаас Олимпын нээлт үзэгч, хөгжөөн дэмжигчгүй болно. Зөвхөн Олимпын хорооны албан тушаалтнууд, гаднын улсын өндөр дээд төлөөлөгчид урилгаар оролцох юм. Эзэн хаан Олимпын наадмын нээлтийн ёслолын өмнөх өдөр Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй төлөөлөгчид,мөн гаднын улсын тусгай урилгатай зочдыг хааны ордондоо хүлээн авах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн аюулгүй байдлыг чангатгаж эхэллээ   
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй