Шууд Chart

Кубын эрх баригчид нийслэл хотын аюулгүй байдлыг чангатгажээ

2021-07-15 14:30:14

Кубын цагдаа, аюулгүйн хүчнийхэн нийслэл Хавана хотын ихэнх дүүрэгт аюулгүй байдлыг чангатгаж, нэмэлт хүч дайчлан гаргажээ. Тус улсын олон мянган иргэн эдийн засгийн хямрал, хоол хүнс, эм тарианы хомсдол, үнийн өсөлт, засгийн газрынхаа цар тахлын эсрэг бодлогыг эсэргүүцэн, ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, ням гарагт нийслэл болон бусад хотуудад жагсаал хийжээ.

Тодруулбал, тус улсын цагдаа хүчнийхэн жагсаалыг хүч хэрэглэн дарлаа гэж Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрсөн өдрүүдэд болсон жагсаалын үеэр нэг хүн амь насаа алдсан нь батлагдсан байна. Мөн жагсаалын үеэр төрийн байгууллагуудад халдан сүйтгэх, дэлгүүр худалдааны байгууллагуудыг тонон дээрэмдэх, цагдаагийн харуул хамгаалалт руу халдах зэрэг хүчирхийллийн шинжтэй хэргүүд олон гарч, үүнтэй холбогдуулж, 100 гаруй хүнийг баривчилжээ.

Кубын эрх баригчид эдийн засаг хямрахад Америкийн хориг арга хэмжээ болон цар тахал нөлөөлсөн гэж үзэж байгаа. Харин иргэдийн зарим хэсэг нь эдийн засаг доройтоход коммунист засгийн хоцрогдсон арга барил нөлөөлж байна гэж жагсаалын үеэр мэдэгджээ. 11.2 сая хүн амтай Кубын эдийн засаг өнгөрсөн онд 10гаруй хувиар, энэ оны эхний хасагт 2 хувиар агшсан байна. Кубын ерөнхийлөгч АНУ болон Миами дахь Кастрогийн эсрэг бүлгүүдийг улс орны нь эдийн засгийн хүндрэлийг далимдуулж, иргэдийг төр засгийнхаа эсрэг босохыг уриалан, жагсаалыг санхүүжүүлж,  нийгмийн сүлжээг ашиглаж байна гэж буруутгажээ.

Үүнийг Америкийн засаг захиргаа няцаасан байна. Харин Америкийн ерөнхийлөгч Байден эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа Куба улсын ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа даваа гарагт илэрхийлсэн юм. Куба Америкийн харилцаа Обамагийн засаглалын үед сэргэж, эдийн засгийн хоригийг цуцалж, жуулчдын урсгал өсөж байсан. Гэвч Трамп Кубад эдийн засгийн хоригоо сэргээн тогтоосон нь хоёр орны харилцаа эргээд муудахад хүргэсэн. Тус ард түмний энэ тэмцэл 1994оны зун гарсан тэмцлээс хойших хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кубын эрх баригчид нийслэл хотын аюулгүй байдлыг чангатгажээ   
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй