ОХУ Украины газар нутгаар байгалийн хий дамжуулах тухай Киевтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдгээ дахин нотолжээ. Учир нь ОХУ байгалийн хийгээ Балтийн тэнгисийн ёроолоор Герман руу гаргах Хойд Урсгал-2 төсөл хэрэгжүүлж байгаа нь Украины талд болгоомжлол үүсгээд байгаа юм байна.
Мөн Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины өнөөгийн нөхцөл байдлын талаар бичсэн нийтлэлтэй холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өгчээ. Энэ үеэр тэрбээр "Хойд Урсгал-1, 2" байгалийн хийн хоолой тавих төсөл болон Украинаар байгалийн хий дамжуулах гэрээг Украины улс төрийн асуудалтай хольж хутгахгүй байхыг уриалжээ.
Оросын Газпром Европын зах зээлд нийлүүлэх байгалийн хийг Украины нутгаар дамжуулах гэрээг 2019 онд таван жилийн хугацаатай, сунгах нөхцөлтэйгээр байгуулсан. Мөн хий дамжуулах төлбөрийг ямар хэмжээтэй шахаж байгаагаас үл хамааран цаг цагт нь төлөхөөр гэрээнд заажээ. Харин Орос улс одоо байгалийн хийгээ Балтийн тэнгисийн ёроолоор Герман руу гаргахаар Хойд "Урсгал-2" төслийг хэрэгжүүлж байна. Америкийн хоригоос болж Шведийн компани хийн хоолой тавих ажлаа зогсоож, улмаар төслийг 2019 онд зогсоож байсан ч 2020 онд сэргээсэн.
Энэ төслийн асуудлыг Украины зүүн бүсийн асуудлаарх Нормандын дөрвөлийн уулзалтаар хэлэлцэе гэж Украины талаас санал гаргасны хариуд Путин дээрх байр суурийг илэрхийлжээ. Харин Вашингтон "Хойд Урсгал-2" төсөл Европын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй Оросын байгалийн хийг дамжуулах төлбөрөөс ашиг олж байгаа Украины эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж, уг төслийг эсэргүүцэж байгаа юм.
Энэ хүрээнд АНУ саяхан уг төсөлд оролцож байгаа Германы хэд хэдэн компанид хориг арга хэмжээ авсан юм. Энэ 7 хоногт АНУ-ын ерөнхийлөгч Байден Германы канцлер Меркельтэй уулзалт хийх юм байна. Энэ уулзалт Украины ашиг сонирхлыг хамгаалах, ирэх 10-15 жилд эрчим хүчний нь аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болно гэж найдаж байгаагаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.
| ОХУ: Украины нутгаар байгалийн хий дамжуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ | ||
| Үзсэн: 1425 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.