Олимпын наадамд өрсөлдөх Хятадын багийн түрүүч Токиод хөл тавилаа. Тэд ирсэн даруйдаа зочид буудалд коронавирусийн халдварын эсрэг авах арга хэмжээ хангалтгүй байгааг шүүмжилжээ.
Хятадын дарвуулт завины холбооны тэргүүн Жан Шиаодон Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Эношима арал дахь тэдний зочид буудалд тамирчид жуулчид болоод нутгийн иргэдтэй холилдон байрлаж буй нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн гомдолложээ. Тэрбээр энэ байдлыг “далд аюул” хэмээн тодорхойлсон байна.
“Хэдийгээр гаднын тамирчид өөр өөр давхарт байрласан ч ресторан, үүдний танхим гээд хаа сайгүй орон нутгийн жуулчидтай холилдсоор байна. Энэ нь Ковид-ын халдварыг нэмэгдүүлж болзошгүй. Тиймээс бид зохион байгуулагчидтай энэ талаар зөвлөлдөж байгаа” хэмээн “Барселона-1992” олимпын мөнгөн медальт Жан өгүүлэв.
Токиогийн олимпын үеэр коронавирусийн тархалт эрчимжихээс сэргийлэн халдвар хамгааллын маш хатуу дэглэм мөрдөж буй. олимпын наадам үзэгчгүй явагдахын зэрэгцээ Токио хот болон зарим мужид хөл хорио тогтоосон. Тамирчдыг бар, ресторан орох, жуулчны бүсээр явахыг хориглосон бөгөөд олимпын тосгонд зөвхөн тамирчин, албаны хүмүүсийг л нэвтрэхийг зөвшөөрч байгаа.
Хятадын тухайд түүхэн дэх хамгийн том баг буюу 400 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Токиогийн олимпод оролцох юм гэж Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
| Халдвар тархах эрсдэл өндөр байгааг Хятадын тамирчид анхааруулав | ||
| Үзсэн: 2090 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.