Шууд Chart

Талибан хөдөлгөөн Афганистаны Иран, Туркменистантай залгаа хилийн гол боомтуудыг хяналтдаа авчээ

2021-07-11 09:51:39

Талибан хөдөлгөөн Афганистаны хойд бүс нутагт Туркменистан, Ирантай залгаа хилийн хоёр гол боомтыг хяналтдаа авсан гэж Афганы талаас мэдээлжээ.

Талибууд хилийн шалган нэвтрүүлэх төв байгууллагын дээрх Афганистаны төрийн далбааг буулгаж байгаагаа дүрс бичлэгээр үзүүлсэн байна.

Афганы албаныхан ч Херат мужийн "Ислам Кала" болон "Торгунди" гэсэн хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг алдсанаа баталсан байна. "Ислам Кала" шалган нэвтрүүлэх цэг нь Иран руу гарах худалдааны гол замуудын нэг бөгөөд сар бүр энэ шалганаас Засгийн газрын төсөвт 20 сая ам.долларын орлого ордог юм байна.

"Торгунди" нь ч мөн Туркемистан руу гардаг худалдааны хоёр гол замын нэг нь юм байна. Одоогоор Афганистаны арми хилийн гол хоёр боомтын хяналтыг эргүүлж авахын төлөө давшилтаа үргэлжлүүлж буй юм байна.

АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл Афганаас цэргээ гаргаж дуусч байгаа энэ үед Талибууд Афганистаны газар нутгийг хяналтдаа эргүүлж авахын төлөө Афганы армийн эсрэг давшиж байгаа юм байна. Талибаны зэвсэгт дайчид Афганистаны газар нутгийн 85 хувийг хяналтаа авсан гэж тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн.

Гэхдээ энэ мэдэгдлийг Афганистаны Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Америкийн батлан хамгаалах яам энэ 7 хоногийн эхээр Афганистан дахь байлдааны ажиллагааны гол түшиц болж байсан агаарын цэргийг "Баграм" цэргийн баазаас цэргээ яаравчлан гаргасан.

Талибууд давшилтаа эрчимжүүлэхтэй зэрэгцээд Афганы зэвсэгт хүчний 1000 гаруй алба хаагч энэ 7 хоногийн эхээр улсынхаа зүүн хойд хилээр Тажикистан руу дүрвэн гарчээ.

Америкийн тагнуулын байгууллагын зарим шинжээч Талибан хөдөлгөөн ойрын зургаан сарын дотор Афганистаны газар нутагт хяналтаа бүрэн тогтоох төлөвтэй байгааг анхааруулжээ.

Харин Афганы ерөнхийлөгч зэвсэгт хүчин нь Талибуудыг хязгаарлах хүчин чадалтай, зарим газар нутагт хяналтаа эргүүлэн авах төлөвтэй давшиж байгаа гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Талибан хөдөлгөөн Афганистаны Иран, Туркменистантай залгаа хилийн гол боомтуудыг хяналтдаа авчээ  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй