АНУ-ын биотехнологийн "Пфайзер", Германы "Бионтех" компаниуд коронавирусний эсрэг вакциныхаа шинэчилсэн хувилбарыг эмнэлзүйн шатанд туршихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэ нь коронавирусний дельта хувилбараас хамгаалах гурав дахь тунг гаргах зорилготой туршилт юм байна.
"Пфайзер", "Бионтех" компаниуд АНУ-ын Хүнс эмийн удирдах газрын зөвшөөрлөөс хамаараад наймдугаар сарын эхээр дельтагийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Мөн "Пфайзер", "Бионтех" гурав дахь тунг хийвэл үр нөлөө нь ямар байх нь вэ гэдгийг тогтоох зорилгоор хийсэн "Ковид-19" цар тахлын одоо хэрэглэж байгаа вакцины эмнэлзүйн туршилтын үр дүн танилцуулжээ.
Туршилтын эхний үр дүнгээс харвал хоёр дахь тунг хийснээс хойш зургаан сарын дараа хийсэн бүүстэр буюу гурав дахь тун нь коронавирусний анхдагч болон бета хувилбараас хамгаалах чадварыг эхний тунтай харьцуулахад 5-10 дахин өсгөж байгаа нь ажиглагджээ.
"Пфайзер", "Бионтех" одоо хийж байгаа вакцин нь хоёр тунг хийлгэснээс хойш зургаан сарын дараа халдвар болон өвчний хүндрэхээс сэргийлэх үр нөлөө нь буурч байж магадгүй, мөн гурав дахь тунг өмнөх хоёр тунгаас хойш 6-12 сарын дотор хийвэл коронавирусний аль ч хувилбарын эсрэг хамгийн өндөр дархлаа тогтоож магадгүй гэж үзэж байна.
АНУ-ын Хүнс эмийн удирдах газар, Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв одоогийн үзүүлэлтээр хоёр тунд хамрагдсан америкчууд гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй гэж пүрэв гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ.
Америкийн дээрх хоёр агентлаг вакцины хоёр тун тухайн хүнийг дельта болон бусад хувилбараар өвчилсөн нөхцөлд өвчин хүндрэх, үхэлд хүрэх эрсдэлээс хамгаалж байна гэж үзэж буй юм байна.
Хэдхэн сарын өмнө Энэтхэгт анх илэрсэн дельта хувилбар халдварлах чадвар хамгийн өндөр хувилбарт тооцогдож байна. Дельта хувилбар өнөөдрийн байдлаар 100 гаруй улс орон газар нутагт тархаж, вакцинжуулалтын хувь өндөр байгаа улс орнуудад ч халдварын тархалтыг нэмэгдүүлж байна.
| "Пфайзер", "Бионтех" компаниуд дельта хувилбараас хамгаалах 3 дахь тунг туршихаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.