АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден Афганистанаас цэргээ гаргах эцсийн хугацааг наашлуулж байгаагаа зарлажээ. Тэрээр цэргээ гаргах хугацааг хурдасгаж байгаа шийдвэрээ зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний аюулгүй байдлын үүднээс гэж тайлбарласан байна.
Ингэснээр АНУ-ын Афганистан хийсэн 20 жилийн дайн 8 дугаар сарын 31-нд дуусгавар болох юм. Өмнө нь Байден Афганаас цэргээ гаргах эцсийн хугацааг 9 дүгээр сарын 11 гэж зарлаж байсан юм. Байдены энэ шийдвэр Талибан хөдөлгөөн Афганистаны газар нутгийг хяналтдаа авах тэмцлээ эрчимжүүлж байгаа үетэй давхацсан нь Талибуудын аюул заналхийлэл улам хүрээгээ тэлж байгааг илтгэж байна гэж зарим хэвлэлд онцолжээ.
АНУ-ын цэрэг 2001 оны 9 дүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас хойших 20 жилд Афганд терроризмын эсрэг байлдаанд оролцсон юм. Өмнөх ерөнхийлөгч Трамп цэргээ 2021 оны 5 дугаар сар гэхэд гаргаж дуусахаар Талибуудтай тохиролцсон байсан ч шинэ ерөнхийлөгч Байден тангаргаа өргөсний дараа цэргээ гаргах эцсийн хугацааг 9 дугаар сарын 11 болгож хойшлуулсан юм. Байден Талибуудын давшилт аюултай түвшинд хүрсэн гэх мэдээллийг няцааж, 75 мянган гишүүнтэй Талибууд Афганы 300 мянган хүнтэй зэвсэгт хүчнийг дийлэхгүй гэж мэдэгдэж байна.
Америк байлдааны ажиллагаанд оролцсон цэргээ гаргасан ч Кабулын нисэх буудал болон бусад засгийн газрын гол байгууламжууд мөн өөрийн ЭСЯ-аа хамгаалах зорилгоор 650-1000 орчим цэргээ үлдээх юм. Мөн одоо АНУ-ын засгийн газартай хамтран ажилласан орчуулагч, хэлмэрч болон бусад Афган иргэдийг улс орноос нь гаргахаар Вашингтон ажиллаж байна. Америкийн засаг захиргаа одоогоор 2500 гаруй орчуулагч хэлмэрч нарт цагаачлалын тусгай виз олгосноос 50 орчим нь хувь нь Афганаас гарч чадаагүй байгаа юм байна. Америк Афганиас цэргээ гаргачихлаар тус улсын аюулгүй байдлын орчин муудаж, Талибууд хяналтаа тогтоох эрсдэл нүүрлээд байна гэж олон улс болгоомжилж байна.
Гэхдээ АНУ Афганы зэвсэгт хүчин улс орноо хамгаалахад сайн бэлтгэгдсэн, тэднийг олон жил сургаж зөвлөсөн, иймээс тэд улс орныхоо ирээдүйг хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Байден удаа дараа мэдэгдэж байна. Мөн саяхан Афганы ерөнхийлөгч Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа цаашид АНУ Афганид дипломат шугамаар болон эдийн засгийн хувьд дэмжлэгээ зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэдгээ амласан юм.
| АНУ Афганистанаас цэргээ гаргах эцсийн хугацааг наашлууллаа | ||
| Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.