Шууд Chart

Токио болон хөрш мужуудад Зуны олимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулна

2021-07-10 18:41:26

Японы засгийн газар ковид19 цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Токио хотод энэ сарын 12-ноос 8 дугаар сарын 22-ныг хүртэл онц байдлын дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан олимп зохион байгуулагчид хоёр долоо хоногийн дараа эхлэх Токио 2020 зуны олимпын наадмыг нийслэл болон түүний хөрш мужуудад үзэгчгүй зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Токиогоос гаднын Канагава, Сайтама, Чиба зэрэг хөрш мужуудад мөн олимпын уралдаан тэмцээнийг үзэгч хөгжөөн дэмжигчгүйгээр зохион байгуулах гэнэ. Харин Фукушима, Мияаги, Ибараки, Шизуока зэрэг дөрвөн мужид олимпын цэнгэлдэхэд цөөн тооны үзэгч хөгжөөн дэмжигч оруулахыг зөвшөөрч байна. Олимпын наадмын ихэнх тэмцээн уралдаан Токио хотод, цөөн хэсэг нь хөрш мужуудад нь зохион байгуулагдана.

Пүрэв гарагт л Токио хотод коронавирусний Дельта хувилбар давамгайлсан халдварын 896 шинэ тохиолдол бүртгэгджээ. Японы ерөнхий сайд олимпын наадам эхлэхэд хоёрхон долоо хоног үлдсэн ийм үед Токиод халдварын шинэ голомт үүсэхээс сэргийлэх үүднээс дахин онц байдлын дэглэм тогтоож, халдвараас сэргийлэх хязгаарлалт хийхээр шийдвэрлэлээ гэж тайлбар өгчээ.

Өнгөрсөн сард Олимп зохион байгуулах хороо, ОУОХ-ны хуралдаанаар Токио 2020 зуны олимпын наадмын уралдаан тэмцээнүүд болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн суудлыг 50хүртлэх хувийн дүүргэлттэйгээр дотоодын хөгжөөн дэмжигчдийг нэвтрүүлэхээр шийдвэрлээд байсан юм. Токиогийн Олимп зохион байгуулагчид Паралимпийн наадмын үеэр ямар бодлого барихаа нөхцөл байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр ирэх сард хэлэлцэх юм байна. 

Одоогоор Японы хүн амын дөнгөж 14.5% нь коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагджээ. Тус улсын эрүүл мэндийн салбарынхан коронавирусний дельта хувилбар давамгайлсан цар тахлын тав дахь давлагаа олимпын наадмын үеэр эхэлж магадгүйг сэрэмжлүүлж байгаа юм байна. Токио хотын захирагч олимпын наадмыг гэртээ үзэхийг иргэддээ хандаж уриалжээ. Энэ үеэр олимпын бамбарын буухиа Токио хотноо үзэгч хөгжөөн дэмжигчгүйгээр эхэлсэн байна.  Токио 2020 зуны олимпын наадам 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио болон хөрш мужуудад Зуны олимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулна  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй