АНУ Хаити улсын ерөнхийлөгчийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс Холбооны мөрдөх товчоо, Дотоодыг аюулаас хамгаалах яамны албан тушаалтнуудыг тус улс руу илгээжээ.
Хаити улс мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу АНУ албан тушаалтнуудаа илгээж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Энэ 7 хоногийн лхагва гарагт зэвсэглэсэн бүлэг этгээд Хаити улсын ерөнхийлөгч Мойсег нийслэл хот дахь хувийн эдлэнд нь буудан хөнөөсөн хэрэг гарсан. Халдлагын үеэр тэргүүн хатагтай шархдаж, АНУ-ын Флоридагийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байгаа юм.
Хаити улсын цагдаагийн газар гэмт этгээдүүд зохион байгуулалттайгаар, маш нарийн төлөвлөж, ерөнхийлөгчийн амь насанд халдсан байна гэж мөрдөн шалгалтын эхний дүгнэлтээ танилцуулжээ. Одоогоор Хаитигийн цагдаагийн газар уг хэрэгтэй холбогдуулан АНУ-ын харьяалалтай 2, Колумбын харьяалалтай 15, нийт 17 сэжигтэнг баривчилжээ.
Баривчилгааны үеэр цагдаа нар 4 сэжигтэнг хөнөөж, одоо 8 сэжигтэнг эрэн сурвалжилж байгаа юм. Одоо Хаити улсын хууль ёсны залгамжлагч хэн байх вэ гэдэг улс төрийн маргаан сөхөгдөх төлөвтэй байна. Тус улсын хуулиар ерөнхийлөгч ажил үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болбол ерөнхий сайд нь сонгууль болтол түр удирдах ёстой юм байна. Гэвч тус улсын засгийн газрыг Клауд Жозеф түр удирдаж байгаа аж.
Ерөнхийлөгч нь амь насаа алдахаас өмнө улс төрч Ариел Хенриг ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байсан юм байна. Иймд түр ерөнхий сайд болон шинээр томилогдсон ерөнхий сайдын аль нь хууль ёсны удирдагч байх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Одоогоор АНУ Хаитигийн түр ерөнхий сайд Жозефийг тус улсын хууль ёсны түр удирдагч гэж үзэж байгаа бололтой гэж Америкийн хэвлэлд онцолжээ. Үүний зэрэгцээ Хаитигийн ард түмэн айдаст автаж, зарим нь гэр орноо орхин дүрвэж байгаа бол зарим нь Америк руу цагаачлах боломж эрэлхийлж эхэлжээ.
Өчигдөр Хаитигийн радио болон сошиал хуудсаар АНУ Хаити улсын иргэдэд хүмүүнлэгийн виз олгох гэж байна гэсэн цуурхал тарсны дараа Америкийн Элчин сайдын яамны гадаа 1000 гаруй хүн цугларчээ.
| АНУ Хаити улсын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ | ||
| Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.