Кубын эрдэмтэд коронавирусний эсрэг гурван тунгаар хийдэг Соберана вакцин ковид19 цар тахлын эсрэг 91.2 хувийн үр дүнтэй байгааг зарлажээ.
Соберана нь Кубын эрдэмтдийн коронавирусний эсрэг бүтээсэн хоёр дахь вакцин аж. Тус вакциныг гурван тунгаар хийсний дараа коронавируснээс 91.2 хувийн үр дүнтэй хамгаалж байна гэж эрдэмтэд судалгааны үр дүнгээ танилцуулжээ. Кубын эрүүл мэндийн газар тус вакциныг яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрснөөр тус улс олон нийтийг вакцинжуулах хөтөлбөрөө эрчимжүүлэхэд түлхэц өгч байна.
Куба улсад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаа юм байна. Өнгөрсөн сард тус улсын Генийн инженерчлэл, Биотехнологийн төв өөрсдийн боловсруулж, үйлдвэрлэсэн Абдала вакцин нь ковид19 цар тахлын эсрэг 92.28 хувийн үр дүнтэй байгааг зарлаж байсан юм. Тус улсын зарим мужид эрүүл мэндийн тогтолцоо нь ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа энэ үед эрх баригчид нь дотооддоо үйлдвэрлэсэн хоёр вакцин нь халдварын тархалт болон өвчний хүндрэлийг бууруулна гэж найдаж байна. Куба улсын дотооддоо үйлдвэрлэсэн дээрх хоёр вакцин нь хоёулаа гурван тунгаар хийдэг, тун хоорондын зай нь адилхан 14 хоног юм байна.
Кубын эрдэмтэд одоо коронавирусний эсрэг Мамбиса нэртэй гурав дахь вакцинаа хөгжүүлж байгаа аж. Тус вакцин нь хамрын хөндийд хэдэн дуслаар хийх зориулалттай вакцин бөгөөд коронавирусний халдвар аваад эдгэрч байгаа хүн хийлгэвэл илүү тохиромжтой хэмээн мэдээлж байна. Тус вакциныг Коронавирусний эсрэг бусад вакцинтай хавсарч хийвэл "Ковид-19" цар тахлын эсрэг дархлааг илүү сайн дэмжинэ гэж эрдэмтэд тооцоолж байгаа юм.
Куба улс нь одоогоор "Ковид-19" цар тахлын томоохон голомттой тэмцэж байна. тус улсын аялал жуулчлалын том баазууд байрладаг Матанзас мужид халдварын голомт үүссэн байна. Тус улсын засгийн газар Африкт Эбола вирустэй тэмцэхэд дэмжиж ажилласан, Мексик, Эквадорт газар хөдлөлтийн гамшгийн бүсэд ажилласан туршлагатай, олон улсын гамшиг, халдварт өвчний бүсэд хуваарилагдаж байсан эмч мэргэжилтний баг бүрэлдэхүүнийг ковид19 цар тахлын голомт руу илгээжээ. Тус улсад цар тахал бүртгэгдсэнээс хойш халдварт 224мянга гаруй тохиолдол, нас барсан 1451 тохиолдол бүртгэгдсэн байна.
| Кубын “Соберана” вакцин коронавирусний эсрэг 91.2 хувийн үр дүнтэй байна | ||
| Үзсэн: 2126 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.