Коронавирусний хамгийн хурдан тархдаг дельта хувилбар өнөөдрийн байдлаар дэлхийн 98 улс оронд бүртгэгдсэн нь дэлхий нийтийн өмнө Ковид-19 цар тахлын хамгийн аюултай үе ирж байгааг харуулж байна гэж ДЭМБ-аас анхааруулжээ.
Тус байгууллагын тооцоолж байгаагаар дэлхий даяар коронавирусний мутацид орсон 11 төрлийн хувилбар тархаж байна. Тэдгээрээс Энэтхэгт анх илэрсэн Дельта хувилбар дахин хувьсаж, хамгийн олон улсад хамгийн хурдан тархаж байгаа юм байна. Гэхдээ ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн коронавирусний эсрэг бүх төрлийн вакцин Дельта хувилбарын эсрэг сайн дархлаа тогтоож байгаа аж. Одоогоор ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх коронавирусний вакцины жагсаалтад Пфайзер, Астразенека, Модерна, Жонсон энд Жонсон, синофарм, синовак гэсэн вакцинууд байгаа юм.
Энэтхэг улс хатуу хөл хорио тогтоосны үр дүнд цар тахлын халдвар харьцангуй буурч байна. Харин сүүлийн өдрүүдэд Индонез, Бангладеш зэрэг Азийн улс орнуудад коронавирусний халдвар нэмэгдэж байна. Мөн Британи, Орос, Өмнөд Африк зэрэг орнуудад мутаци давамгайлсан халдварын тархалт эрс нэмэгджээ. Түүнчлэн сүүлийн 1 долоо хоногийн хугацаанд Европ тив даяар цар тахлын халдвар 10 орчим хувиар нэмэгджээ. Үүнд вакцинжуулалт удааширсан, шинэ хувилбарын тархалт болон хүмүүсийн шилжилт хөдөлгөөн идэвхэжсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгааг ДЭМБ-аас анхааруулжээ.
Наймдугаар сарын сүүл гэхэд Европ тивд бүртгэгдсэн халдварт шинэ тохиолдлын 90 хувь нь дельта хувилбараар халдварласан байх урьдчилсан таамгийг Европын халдварт өвчин судлалын төвөөс танилцуулжээ. Иймд ДЭМБ ирэх оны өдийд гэхэд улс орон бүр хүн амынхаа наанадаж 70 хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан байхыг гишүүн улс орон бүрт уриалсаар байна. ДЭМБ-ын мэдээгээр өнөөдрийн байдлаар дэлхий улс орнуудад коронавирусний 3тэрбум тун вакцин хүрчээ. Гэвч 3 тэрбум тун вакцины дөнгөж хоёр хувь нь буурай улс орнуудад хүрсэн байна. Одоогоор Британи, Америк, Франц, Канад зэрэг чинээлэг орнууд дэлхий даяар 1 тэрбум тун вакцин хандивлахаа амлаад байгаа хэдий ч дэлхийн хүн амын 70 хувийг дархлаажуулахад 11 тэрбум тун вакцин шаардлагатай гэж ДЭМБ үзэж байгаа юм.
| ДЭМБ: Коронавирусний “Дельта” хувилбар дэлхийн 98 улс оронд тархаж байна | ||
| Үзсэн: 2306 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.