Шууд Chart

ОХУ-ыг кибер орон зайд өргөн хүрээтэй халдлага үйлдэж байна гэж буруутгажээ

2021-07-03 15:08:53

АНУ, Их Британийн тусгай албад ОХУ-ыг кибер орон зайд өргөн хүрээтэй халдлага үйлдэж байна гэж буруутгаад байна. Тэд Засгийн газар болон хувийн хэвшлийн объектууд, үүлэн сервисүүд сүүлийн хэдэн жилийн туршид хакеруудын халдлагад өртсөн төдийгүй одоо ч ийм халдлагын бай болсоор байна гэж баталж байна.

АНУ, Их Британийн тагнуулын албадын хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлтүүдийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн сайтад нийтэлсэн байна. Энэ тайланг тус агентлаг Холбооны мөрдөх товчоо болон Америкийн бусад тусгай алба, Их Британийн компьютерийн аюулгүй байдлын үндэсний төвийн оролцоогоор бэлтгэн гаргасан байна.

Энд ОХУ-ын зэвсэгт хүчний Жанжин штабын Ерөнхий удирдах газар 2019 оноос хойш АНУ болон бусад улс орнуудын төрийн болон хувийн байгууллагуудын системд кибер халдлага үйлдсэн, одоо ч үйлдсээр байгаа хэмээн баталсан байлаа.

Москваг 2016 оноос хойш Америкийн сонгуулиудад хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан гэж буруутгах болсон. Үүний тулд Ардчилсан намын удирдагчдын тэр дундаа нэр дэвшигч Хиллари Клинтоны цахим шуудан руу халдсан, хэд хэдэн мужийн сонгуулийн цахим систем, мэдээллийн баазад халдсан гэж буруутгаж ирсэн. Америкийн тусгай албад ч энэ бүхний ард Оросын тусгай албадтай холбоотой хакерууд бий хэмээн дүгнэж байсан юм.

АНУ, Их Британийн тусгай албадын тайлан гарсны дараагаар Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас хамгийн түрүүнд мэдэгдэл гаргаж энэ бүхнийг эрс няцаасан байна. Түүнчлэн кибер гэмт хэргийн эсрэг тэмцэх нь ОХУ-ын эн тэргүүний зорилт, бүх хэлбэрийн гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогынх нь үндсэн хэсэг гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн үүний зэрэгцээ олон улсын түвшинд кибер аюул заналхийлэл сүүлийн үед стратегийн тогтвортой байдлын сорил бэрхшээл дагуулах хэлбэрээр илэрч байгаа учир илүү үр дүнтэй аргаар түүний дотор төрийн бүрэн эрхтэй яамд хооронд идэвхтэй хамтран ажиллаж, тэмцэх шаардлагатай байгааг онцолсон байна.

Кибер аюулгүй байдалтай холбоотой асуудлыг өнгөрсөн сард Женевт болсон Орос, Америкийн дээд уулзалтаар хэлэлцсэн. Америкийн тал үндэслэлгүй шүүмжлэлээсээ татгалзаж, олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх Оросын шинжээчидтэй мэргэжлийн түвшинд хамтран ажиллахдаа төвлөрөх хэрэгтэй байгааг санууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ыг кибер орон зайд өргөн хүрээтэй халдлага үйлдэж байна гэж буруутгажээ   
Үзсэн: 1447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй