Коронавирусний вакцинтай холбоотой худал мэдээлэл тарааж байгаагийн эсрэг тэмцэх үүргээ олон нийтийн сүлжээ эрхлэгчид биелүүлж байгаа эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг АНУ-д эхлүүлж байна. Тодруулбал, АНУ-ын Колумб тойргийн Ерөнхий прокурор Карл Расин мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд фэйсбүүкийнхэн худал мэдээлэл тараалгахгүйн тулд боломжтой бүх арга хэмжээгээ авч байгаа эсэхийг тогтоохоо мэдэгджээ.
Энэ хүрээнд "Фэйсбүүк" компаниас вакцинтай холбоотой худал мэдээлэл тараасан групп, хуудсуудын талаарх баримт мэдээллийг гаргаж өгөхийг шаардсан байна. Мөн нийгмийн сүлжээний дүрэм журмын зөрчил, худал мэдээлэлтэй хийж буй тэмцлийн хүрээнд устгасан контентууд хэр их байгааг дэлгэж, үзлэг шалгалт хийгдэж байгаа контентуудын мэдээллийг ч гаргаж өгөхийг шаардсан байна.
Өмнө нь Америкийн 12 мужийн Ерөнхий прокурор "Фэйсбүүк" болон "Твиттер" олон нийтийн сүлжээ эрхлэгч компаниудыг шинэ коронавирусний эсрэг вакцинтай холбоотой худал мэдээлэл тараагчидтай хангалттай хүчин чармайлт гаргаж тэмцэхгүй байна гэж буруутгасан юм. Харин "Фэйсбүүк" компанийнхан вакцинтай холбоотой худал мэдээлэл тараагчидтай тэмцэхийн тулд шаардлагатай арга хэмжээгээ авч байгаа гэдгээ батлан мэдэгдсэн байна.
Мөн цар тахал эхэлсэн үеэс л коронавирустай холбоотой худал мэдээлэл тараагчдын олон мянган пост комментуудыг нь устгах, хэрэглэгчдэдээ тухайн асуудлаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлбар мэдээллийг санал болгох зэргээр тэмцэж ирснээ мэдэгдсэн байна.
Энэ хооронд АНУ-д коронавирусний эсрэг вакцинжуулалтын ажил өндөр хувьтай хийгдэж байна. Холбооны өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр тус улсад 12 ба түүнээс дээш насны нийт 155.7 сая иргэн "Ковид-19"- ийн вакцины бүрэн тундаа хамрагдаад байгаа юм байна. Энэ нь нийт хүн амынх нь 54.9 хувь болж байгаа юм.
Харин энэ насныхнаас 181.2 сая хүн вакцины нэг тунгаа хийлгээд байгаа нь хүн амынх нь 63.9 хувь болж байгаа юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх 4-нд тохиох Тусгаар тогтнолын өдөрт нийт насанд хүрэгчдийнхээ 70 хувийг буюу 160 сая иргэнээ вакцины эхний тунд хамруулна гэсэн зорилт тавиад байсан юм.
| АНУ-д олон нийтийн сүлжээ эрхлэгч компаниуд вакцинтай холбоотой худал мэдээлэл тараагчдын эсрэг тэмцэж байгаа эсэхийг шалгана | ||
| Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.