Шууд Chart

Мьянмарт төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Москвад очжээ

2021-06-22 11:46:36

Мьянмарын холбооны улсад одоогоос дөрвөн сарын өмнө болсон төрийн эргэлтийг удирдсан генерал Мин Аун Хлайн Москва хотод очсон байна.

Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Мин Аун Хлайн Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын уулзалтад оролцохоор ням гарагт ОХУ-ыг зорьсон талаар Мьянмарын төрийн хэвлэл мэдээлсэн. Тэрбээр Москва хотноо өнөөдөр эхэлж, пүрэв гарагт өндөрлөх аюулгүй байдлын уулзалтад оролцоно. Мөн Мин Аун Хлайн Оросын Батлан хамгаалахын зарим удирдлага болон Засгийн газрын төлөөлөгчтэй уулзахаас гадна их сургууль, үйлдвэрээр зочлох мэдээлэл гарчээ.

Мьянмарын холбооны улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд  төрийн эргэлт болсноос хойш Мин Аун Хлайн хоёр дахь удаагаа гадаад орныг зорьж буй нь энэ юм.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр Индонез улсад зочилж, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны төрийн өндөрлөгүүдтэй уулзалт хийсэн. Харин энэ хооронд нь Мьянмарын холбооны улсад армийнхан төрийн эргэлтийг эсэргүүцэн тэмцэж буй  иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн хэвээр байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблей Мьянмарын армийн удирдлагуудыг хүчирхийлэлд буруутгаж, тус улс руу галт зэвсэг нийлүүлэхгүй байхыг уриалсан тогтоолыг гаргасан юм.

Сонирхуулахад, Мьянмарын Батлан хамгаалахын яам галт зэвсгийнхээ ихэнхийг ОХУ-аас худалдан авдаг аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарт төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Москвад очжээ  
Үзсэн: 1535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй