Шууд Chart

Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулган өндөрлөлөө

2021-06-06 12:34:08

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 24 дэх удаагийн Олон улсын эдийн засгийн чуулган энэ сарын 2-5-ны өдрүүдэд цахимаар бус уламжлалтаар зохион байгуулагдлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ивээл дор зохион байгуулагддаг энэхүү чуулган 2021 онд “Дахиад хамтдаа, шинэ бодит байдлын эдийн засаг” сэдвийн хүрээнд өрнөлөө. Энэхүү уулзалт “Ковид-19” цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явагдсан байна.

Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч Владимир Путин 10 гаруй орны томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн удирдлагуудыг урьж оролцуулсан юм. Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулганаар авч хэлэлцсэн асуудлууд дотор дэлхий дахинд тархаад байгаа коронавирусний халдварын цар тахлыг давж гарах, бизнес, эдийн засгийн салбарын үйл ажиллагааг сэргээх болон үүнд хөрөнгө оруулалтыг гаргахад чиглэгдсэн байна.

Нийтдээ 130 гаруй хэлэлцүүлэг хийжээ. Эдгээрээс хамгийн гол хэлэлцүүлэгт "Цар тахал ба түүний эсрэг тэмцэл-үүний дотор дархлаажуулалт болон вакцины түгээлт", "Курилын арлын маргаантай асуудал, цөмийн зэвсгийн асуудал болон улс хоорондын харилцаа", "Умард урсгал-2" хийн хоолойн төсөл зэрэг бусад асуудал багтаж байгаа юм.

Чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын эсрэг улс орнууд нэгдэн хамтарч ажиллахыг уриалсан юм. Харин Курилын арлын маргаантай асуудлын талаар хэлэхдээ "Москва болон Токиогийн хооронд энхийн гэрээ байгуулах ажлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай байгаа" талаар онцолсон байна.

ОХУ, БНХАУ өнгөрсөн онд цар тахлын хямралыг үл харгалзан 100 тэрбум долларын худалдаа хийж чадсан талаар форумын үеэр Владимир Путин хэлжээ. Энэ жилийн хувьд цар тахлаас болж форумд оролцогчдын тоо харьцангуй бага байгааг онцлох хэрэгтэй. 1997 оноос Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулганыг зохион байгуулж ирсэн. Жил бүрийн чуулганаар 4000 орчим бизнесийн төлөөлөл, улс орны удирдагч оролцдог юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулган өндөрлөлөө   
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй