АНУ-ын хууль зүйн яам Капитолын ордонд Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчдийн хийсэн үймээнээс үүдэлтэй хохирлыг 1.5 сая ам.доллар болсон гэж үнэлсэн байна. Энэ талаар "Вашингтон пост" сонинд нийтэлжээ.
Тус сонинд нийтэлснээр бол, АНУ-ын Конгресст болсон эмх замбараагүй байдалд оролцогчидтой холбоотой хэргүүдийн нэгийг үндэслэн хохирлын үнэлгээг шүүх хуралдааны холбогдох баримт бичигт тусгаж өгсөн байна. Яллагч тал хохирлын хэмжээг барагдуулахын тулд дээрх хэрэгт оролцсон гэх хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай этгээд нэг тус бүрээс 500 ам.долларыг гаргуулахаар төлөвлөж буй юм байна. Харин илүү ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс 2000 ам.долларыг гаргуулна гэж тусгажээ.
Гэхдээ гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдээс гаргуулах мөнгөний хэмжээ бүрэн тодорхой болоогүй байгааг сонин онцолсон байна.
Америкийн эрх баригчдын мэдэгдсэнчлэн, Капитолын ордонд болсон үймээнээс болж ихээхэн хохирол амссаны дотор түүхэн үнэ цэнэтэй урлагийн эд зүйл болон тавилга эвдэрч сүйдсэн байна. Мөн 19-р зууны үеийн алтан толь хагарч, олон хаалга, цонхнууд эвдэрсэн юм байна.
Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын өмнөх ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын гишүүн Дональд Трампын дэмжигчид төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалтын эцсийн үр дүнг батлахад саад учруулж, Конгрессын барилгад дайран орсон юм.
| Капитолын ордонд болсон үймээнээс үүссэн хохирлыг 1.5 сая ам.доллароор үнэлжээ | ||
| Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.