Шууд Chart

ОХУ-ын Дотоод хэргийн яам Дмитрий Гудковыг суллах шийдвэр гаргав

2021-06-06 11:26:26

ОХУ-ын Цагдаагийн газар сөрөг хүчний улс төрч Дмитрий Гудковыг түр саатуулах газраас суллах шийдвэр гаргасан байна. Энэ талаар “ТАСС” агентлаг дамжууллаа.

Түүний өмгөөлөгч Михаил Бирюков хэлэхдээ, цагдаа нар түүнийг аль хэдийнээ сулласан гэсэн юм. Түүнчлэн Гудковтай холбоотой мөрдөн байцаах ажлыг зогсоосон эсэхийг мэдэхгүй байгаагаа мэдээлсэн байна. Эд хөрөнгөд хохирол учруулсан гэх үндэслэлээр Дмитрий Гудковыг түр саатуулсан юм. Түр саатуулах хугацаа нь дуусгавар болсон байна. Тэгвэл өмгөөлөгч Александр Альдаев хэлэхдээ, сөрөг хүчний улс төрч Гудковыг эд хөрөнгөд хохирол учруулсан гэх үндэслээр сэжиглэгдсэн хэвээр байгаа гэдгийг хэлээд, түүнийг Дотоод хэргийн яамны мөрдөн байцаах газарт аваачих тушаал гаргасан гэж мэдээлсэн юм.

Тэрбээр цагдаагийн газраас суллагдсаныхаа дараа сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, холбогдох хэрэгт өөрийн нагац эгч болох Ирина Ермиловагийн хамтаар сэжиглэгдсэн хэвээр байгаагаа хэлсэн байна.

Өмнө нь “ТАСС” агентлагийн эх сурвалжийн мэдээлж байснаар Цагдаагийн газраас түүнд цагдан хорих арга хэмжээ авахаар шүүхэд хандаагүй гэж байсан юм. Цагдаа нар шалтгааныг нь хэлээгүй байна. Дмитрий Гудковт өмнө нь ч, одоо ч ямар нэгэн ял тулгаж байгаагүй юм байна.

Оросын сөрөг хүчний улс төрч Дмитрий Гудковын болон түүний гэр бүлийн ойрын хүмүүсийн гэрт цагдаа нар өнгөрсөн мягмар нар нэгжлэг явуулсан юм. Түүнчлэн түүний штабын дарга Виталий Венедиктов болон “Нээлттэй Орос улс” байгууллагын дарга асан Александр Соловьев нарын гэрт ч мөн нэгжлэг хийсэн юм. Энэ хоёр хүнээс Цагдаагийн газар гэрчээр байцаалт авсан байна.

Нэг зүйлийг онцлоход, ОХУ-д сөрөг хүчний идэвтхнүүд болон улс төрчид рүү чиглэсэн дайралт, мөрдөн шалгалтууд нэмэгдэх болсон байна. Үүнийг есдүгээр сард болох парламентын сонгуультай холбоотой гэж "Ассошэйтэд пресс" агентлаг болон зарим эх сурвалжууд дамжуулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Дотоод хэргийн яам Дмитрий Гудковыг суллах шийдвэр гаргав   
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй