ОХУ-д улс төрийн сөрөг хүчний хэд хэдэн идэвхтэн, гишүүний гэрт нэгжлэг хийж, мөн баривчлах ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг өчигдөр хүргэсэн. Тус улсад 9 дүгээр сард парламентын сонгууль явагдана. Тэгвэл засгийн эрхийг баригч "Нэгдсэн Орос" нам сөрөг хүчнийхнийг нухчин дарж байна гэж барууны хэвлэлүүд дамжуулж байгаа. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Нэгдсэн Орос" нам ард түмний ашиг сонирхлыг нэг дүгээрт тавьж ирсэн гэдгийг цахим уулзалтын үеэр онцолжээ.
Мөн тэрбээр цар тахлын хүнд бэрх цаг үед "Нэгдсэн Орос" нам ард иргэд, бизнесийнхэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж сайшаан магтлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, "Төрийн эрхийг баригч улс төрийн хүчинтэй холбоотой олон гомдол, асуудал байгааг би ойлгож байна. Гэхдээ ерөнхийдөө бол "Нэгдсэн Орос" нам ихээхэн ажлыг хийж гүйцэтгэсэн. ОХУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад голлох үүргийг гүйцэтгэж ирсэн улс төрийн хүчин. "Нэгдсэн Орос" нам ард түмний ашиг сонирхлыг нэгт тавьж, сонгогч, дэмжигчдийнхээ итгэлийг бэхжүүлэхийн төлөө бүх хүч чадлаа дайчилж ирсэн юм" гэсэн байна.
Энэ хооронд Оросын цагдаа нар тус улсын улс төрийн сөрөг хүчний хэд хэдэн идэвхтэн, гишүүний гэрт нэгжлэг явуулж, мөн хоёр ч улс төрчийг баривчилсан үйл явдал өнгөрсөн өдрүүдэд боллоо.
Оросын улс төрийн сөрөг хүчний улс төрч Дмитрий Гудковын гэрт мягмарт нэгжлэг хийсэн байна. Гишүүн асан Гудков 9 дүгээр сард болох парламентын сонгуульд оролцохоо зарлаад байх үед ийм үйл явдал болсон нь анхаарал татлаа. Даваа гарагт "Нэгдсэн Орос" хөдөлгөөний тэргүүн асан Андрей Пивоваровыг Санкт Петербургийн онгоцны буудал дээрээс баривчилсан юм.
Ийнхүү манайд хойд хөршид сөрөг хүчний идэвхтнүүд, болон улс төрчид рүү чиглэсэн дайралт, мөрдөн шалгалт ихсэж байгаа нь 9 дүгээр сарын парламентын сонгуультай холбоотой гэж барууны хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхийлөгч Владимир Путины "Нэгдсэн Орос" нам 2016 оны сонгуулиар 54 хувийн саналыг авч, Думд 343 суудалтай болсон юм.
Гэхдээ тус намын нэр хүнд сүүлийн үед унаж буйг шинжээчид хэлж байгаа. Дашрамд дуулгахад, Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальны 2 жил гаруйн хугацааны ял сонсож, хоригдож байна.
| “Нэгдсэн Орос” намын нэр дэвшигчидтэй Владимир Путин цахимаар уулзалт хийлээ | ||
| Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.