Буурай орнуудад дахь вакцинжуулалтын хөтөлбөрийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гави Вакцины холбоо болон Япон улс хамтран цахим дээд хэмжээний уулзалтыг лхагва гарагт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерреш тэргүүтэй удирдагчид оролцлоо. Тус уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ шинэ коронавирусний эсрэг вакциныг шударгаар хуваарилах Ковакс хөтөлбөрт 800 сая ам.долларыг нэмэлтээр хандивлана гэдгээ дуулгасан байна. Тэрбээр цар тахлыг ялан дийлэхэд илүү нэгдмэл байх нь чухал гэдгийг онцолжээ.
Хурлын үеэр Суга улс орнуудын санхүүгийн чадавх болон бусад хүчин зүйлээс шалтгаалан вакцины хуваарилалт тэгш бус байх нь байж боломгүй зүйл гэдгийг цохон тэмдэглэжээ. Мөн тэрээр ДЭМБ-ын санаачилсан КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 120 гаруй улс оронд 76 сая гаруй вакциныг тараагаад байгаа талаар ярьсан байна. Суга Ёшихидэ Япон улс коронавирусний эсрэг вакциныг улс орнуудад шударгаар, тэнцүү хуваарилахыг итгэл төгс дэмжинэ гэдгийг мөн хэлсэн байна.
Энэ жилийн эцэс гэхэд буурай орнуудад нийт 1.8 тэрбум вакцин нийлүүлэх зорилгын төлөө хамтран ажиллахыг Суга хуралд оролцогчдод уриалжээ. Энэ хэмжээний вакцинаар хөгжиж буй орнуудын нийт хүн амын 30 хувийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулах боломжтой юм. Үүнээс өмнө Япон улс КОВАКС хөтөлбөрт 200 сая ам.долларыг хандивлаад байжээ.
| Япон улс КОВАКС хөтөлбөрт 800 сая ам.долларыг хандивлана | ||
| Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.