АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ирэх сарын 16-нд Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хэлэлцээ хийхдээ хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэхүү дээд уулзалтынхаа үеэр Вашингтон хүний эрхийн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариу арга хэмжээ авах болно гэдгээ илэрхийлэхээ онцолжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч саяхан БНХАУ-ын удирдагч Си Жиньпинтэй утсаар ярихдаа ч энэ сэдвийг хөндөж хэлэлцсэнээ мэдэгдсэн байна. Энэ хооронд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков Москва ойрын хугацаанд Вашингтонд таатай бус дохио сануулгууд өгнө гэдгийг мэдэгдсэн байна. Мөн тэрбээр АНУ, ОХУ-ын дээд уулзалтын өмнө хэлэлцэх сэдвүүд нь өөр өөр байгаа ч Москва Вашингтоны тавьж буй ямар ч асуудлаар тэр дундаа хүний эрхтэй холбоотой асуудлаар ч хариуг нь барихад бэлэн байгааг мэдэгдсэн юм. Хоёр улсын удирдагчийн уулзалт ирэх сарын 16-ны өдөр Женев хотноо болохыг 2 талын албаныхан өнгөрсөн 7 хоногт баталсан. Жозеф Байден Америкийн Цагаан ордны тэргүүний үүрэгт ажилдаа орсноос хойш ийнхүү Оросын төрийн тэргүүнтэй анх удаагаа нүүр тулан уулзах гэж байна.
Харин Оросын төрийн тэргүүний хувьд өнгөрсөн 2020 оны 1 сараас хойш анхны хилийн чанад дахь айлчлалаа хийх гэж байна. Одоогоор дээд уулзалт Женевийн Интерконтиненталь зочид буудалд болж магадгүй байна. Ирэх сарын 11-18-ны өдрүүдэд тус буудлын бүх өрөөнүүд урьдчилан захиалагдсан байгааг Риановости мэдээлээ.
Энэхүү буудалд 36 жилийн өмнө Рейган Горбачев нарын түүхэн анхны уулзалт болж байсан аж. Кремлийн ордноос мэдээлснээр одоогоор 2 удирдагчийн уулзалтын үр дүнд ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөөгүй байгаа юм.
Одоогоор 2 тал дээд уулзалт Женевт яг хаана зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.
| АНУ, ОХУ-ын дээд уулзалтаар хүний эрхийн асуудлыг хөндөж хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.