Беларус сэтгүүлчээ баривчлах зорилгоор Европын иргэний агаарын тээврийн онгоцны чиглэлийг өөрчилж, нийслэлдээ буулгасан асуудал Өрнөд болон Беларус, Оросын хооронд дипломат маргаан өдөөгөөд байна. ОХУ Беларусийн агаарын орон зайг тойрч Москвад буухаар төлөвлөсөн Европын иргэний агаарын тээврийн хоёр нислэгийг хүлээж авахаас татгалзсан байна. Оросын энэ шийдвэрийн улсмаас Францын Эйрфранс, Австрийн Иргэний агаарын тээврийн компаниуд Москва чиглэлд төлөвлөсөн нислэгүүдээ цуцалжээ.
Одоогоор Европын авиа компаниудын бүх нислэгийг ингэж хориглох эсэх тухайгаа Оросын тал мэдэгдээгүй байна. Өнгөрсөн 7 хоногийн ням гарагт Беларусийн эрх баригчид агаарын замаар нь дайран өнгөрч явсан Ирландын иргэний агаарын тээврийн "RyanAir" компанийн онгоцыг тэсрэх бөмбөг байж болзошгүй гэсэн шалтгаанаар буулгаж, зорчиж явсан сөрөг хүчний сэтгүүлчийг баривчилсан юм. Үүнийг иргэний агаарын тээврийн тухай олон улсын хууль дүрмийг зөрчсөн алхам гэж АНУ, Европын холбоо болон Их Британи улс үзэж, Европын авиа компаниуд Беларусийн агаарын орон зайг ашиглахаас зайлсхийж, Беларусийн агаарын тээврийн компаниудыг Европын агаарын орон зайг ашиглахыг хориглоод байна.
Европын холбооны хоригийн улмаас Беларусийн үндэсний агаарын тээврийн "Белавиа" компани энэ оны 10 дугаар сарын 30 хүртэл Европын 12 чиглэлд нислэг үйлдэх боломжгүй болжээ. Мөн Европын холбоо болон Их Британи улс Беларусийг 27 жил удирдаж байгаа Ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүний ойрын хүмүүст эдийн засаг болон визийн хориг тавихаар төлөвлөж байна.
Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррель “Европын холбоо Беларуст үзүүлэх шахалтаа бууруулахгүй. Бид хориг арга хэмжээ авах замаар дорвитой алхам хийх шаардлагатай” гэжээ.
Оросын Засгийн газрын тэргүүн Минскд айлчилж, Беларусийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийсэн байна. Беларусийн Ерөнхий сайд Роман Головченко “Европ манай агаарын орон зайг ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн энэ нөхөрсөг бус алхам эдийн засагт сөрөг үр дагавар учруулна. Ийм нөхцөл байдалд бид ойрын холбоотон Оросын дэмжлэгт найдаж байна” гэсэн байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин “Орос улс нэг талыг барьсан хориг, олон улсын тавцан дахь шахалтын эсрэг тууштай зогсдог. Бид Минскд тэр онгоцыг яаралтай буулгасан нөхцөл байдлыг улс төржүүлэхгүй байхыг уриалж байна. Бид энэ асуудлыг иргэний агаарын тээврийн компаниудын түвшинд олон улсын нээлттэй мөрдөн шалгалт явуулахыг дэмжиж байна” гэжээ.
| Европын холбоо Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авна | ||
| Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.