Зун болж, амралтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор Европт хүмүүс хэвийн амьдралдаа орж, аялал, зугаалгаар гадаад улс орнуудад зорихыг хүсэх болсон.
Европт хагас жилийн хугацаанд хөл хорио хязгаарлалтын үеэр хил хаагдаж, олон нислэгүүд ихээр цуцлагдсан. Хэдийгээр коронавирусний халдварыг хараахан дарж чадаагүй байгаа ч нэгдсэн европын иргэдийг аюулгүй, коронавирусний халдвараас айлгүй аялахад нь зориулж гурван төрлийн гэрчилгээ олгохоор Европын холбооноос шийдвэрлээд байна.
Холбооны гишүүн орнуудын иргэдэд гэрчилгээг цахим хэлбэрээр болон цаасан дээр хэвлэгдсэн хэлбэрээр үнэ төлбөргүй олгох юм байна. Энэхүү схемийг хэрэгжүүлэхдээ Европын холбооны гишүүн орон бүр өөрсдийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлнэ.
Жишээ нь, зарим улс оронд эцэг, эх нь вакцинд бүрэн хамрагдсан байсан ч хамт аялж яваа хүүхдүүдээс нь шинжилгээний хариу шаардаж болзошгүй байна. Ийм шинжилгээ хийлгэх шаардлагатай аялагчдын насыг 6-аас дээш гэж тогтоожээ.
Харин Португали улсад гэхэд 2 настай хүүхдүүдээс ч шинжилгээний хариу шаардах төлөв байна. Европын орнуудад ашиглах “Ковид-19”-ийн гэрчилгээг хууль эрх зүйн хувьд хянах ажлыг ойрын үед дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ.
Мөн нисэх онгоцны буудлуудад ийм гэрчилгээг шалгуулах үеэр багагүй дараалал үүсэх нь тодорхой байгаа учир Брюссель зорчигчдод аль болох хүндрэл үүсгэхгүй байх тал дээр анхаарч байгаа аж.
Ер нь бол “Ковид-19” цар тахлыг ялсныг албан ёсоор зарласан цагт ийм гэрчилгээ хэрэгцээнээс гарч, Европт зорчих хөдөлгөөн эргээд бүрэн чөлөөтэй болно хэмээн үзэж байна.
| Европын холбооны орнуудаар аялахад шаардлагатай “Ковид-19”-ийн гэрчилгээ бэлэн болжээ | ||
| Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.