АНУ-ын ерөнхийлөгч Жөү Байден дотооддоо зөвшөөрсөн коронавирусний вакцины нөөцөөсөө нэмж 20 сая тунг бусад улс орнуудад хандивлахаа мэдэгдлээ. 20 сая тун вакцин нь Америкт одоо хэрэглэж байгаа Пфайзер, Модерна, Жонсон энд Жонсоны вакцин байх юм. Хандивын вакцинаа ирэх 6 дугаар сарын сүүл гэхэд улс орнуудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Харин ямар улсад хандивлах тухайгаа Байдены засаг захиргаа мэдэгдээгүй байна.
АНУ АстраЗенека-Оксфордын вакцины нөөцөөсөө 60 сая тунг хандивлахаа амлаж байсан. Одоогийн 20 сая тунтай нийлээд нийт 80 сая тун вакцин хандивлахаар болж байна. АстраЗенекагийн вакциныг Америкт эмнэлзүйд хэрэглэхийг хараахан зөвшөөрөөгүй байгаа юм. Зургаадугаар сарын сүүл гэхэд зөвшөөрлөө авчихвал АстраЗенекагийн вакциныг олон улсад түгээх боломжтой болно гэж тооцож байна.
Харин Пфайзер компани холбооны засгийн газартай байгуулсан гэрээнд заасан хэмжээнд вакцинаа нийлүүлсний дараа хандивын вакциныг экспортлох юм байна. АНУ-ын ерөнхийлөгч "Орос, Хятад дэлхий даяар вакцины дипломат ажиллагаа явуулж, нөлөөгөө тэлж байгаа тухай бүгд ярьж байна. Харин АНУ дэлхий даяар цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор вакцинаа түгээх болно. Бусад орнуудаас давуу тал олж авахын тулд вакцинаа ашиглахгүй, улс орнуудаас ямар нэг амлалт, хариу шаардахгүй" гэж мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Америкийн хүн амын 60 буюу 157 сая хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн бол 47 хувь нь буюу 123 сая хүн вакцинд бүрэн хамрагджээ. Байдены засаг захиргаа 7 дугаар сарын 4-нд Тусгаар тогтнолын баярын өдөр гэхэд 160 сая иргэнээ коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамруулахаар зорьж байгаа аж.
| АНУ коронавирусний вакцины нөөцөө улс орнуудад хандивлана | ||
| Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.