Дэлхийн 174 улс орны хүн амд нийт 1,16 тэрбум тун вакцин хийгээд байна. Улс орнуудад коронавирусний эсрэг дархлаажуулалтын явцыг түргэсгэх зорилгоор бүхий л арга хэмжээнүүдийг авч, вакцинд хамрагдсан иргэдээ урамшуулах, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж байна. Унгар улсад л гэхэд вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд зориулж хөл хорионы дэглэмээ сулруулж байгаа аж.
Тодруулбал, Унгарт зоогийн газар, зочид буудал, кино театр, үсчин, фитнесс зэрэг олон нийтийн газрууд дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд л үйлчлэх журам үйлчилж эхэлж байна. Вакциндаа бүрэн хамрагдсан иргэддээ тус улс тусгай карт олгож байгаа бөгөөд шинэ журам энэ сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болжээ. Түүнчлэн коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүст ч энэ журам үйлчлэх юм байна. худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 23 цаг болгож сунгаад байна. харин дархлаажуулалтын картаа аваагүй иргэдэд үйлчилсэн зөрчил илэрвэл хатуу хариуцлага ногдуулж торгохоор болжээ. Гэхдээ вакцинд хамрагдсан, өвдөөд эдгэсэн олон хүн өнөөдрийг хүртэл ийм картаа авч чадахгүй байгаа юм. Унгарт нийт хүн амынх нь 40 орчим хувь буюу 4 сая хүн вакцины эхний тунд хамрагдаад байгаа юм байна. Харин 2 сая гаруй хүн 2 тунгаа хийлгэжээ.
Герман улсад ирэх 7-ны өдөр коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэддээ хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх шийдвэрээ эцэслэн танилцуулахаар төлөвлөж байна. Энэ тухай тус улсын сангийн сайд Олаф Шольц мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд мэдээддээ. Гэвч бүх иргэдээ вакцинд хамрагдах боломжоор хангаагүй байж хөл хорионы болон бусад хязгаарлалт, хорионоос чөлөөлөхийг эсэргүүцэн шүүмжлэгчид ч байгаа аж.
Саудын Арабт вакцины эхний болон 2 тунгаа хийлгэсэн, эсвэл халдвар аваад эдгэсэн хүмүүст аялах боломж олгож байгаагаа эрх баригчид нь мэдэгдээд байгаа. Түүнчлэн даатгалтай вакцинд хамрагдах боломжгүй байгаа ч 18 хүртэлх насны иргэдэд аялахыг зөвшөөрч байгаа юм байна. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээгээр Саудын Арабын иргэдэд нийт 9 сая тун вакцин хийгээд байгаа юм байна.
Харин Арабын нэгдсэн Эмирт улсад вакцинд хамрагдсан хүмүүстээ Дубай хотын алдартай фитнесс клубүүдээр 2 долоо хоногийн туршид үнэгүй хичээллэх эрх олгохоор болжээ. Коронавирусний вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Дубайн засгийн газраас өнөөдрөөс энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Харин Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб тус улс коронавирусний эсрэг тэмцлийн сүүлчийн шатандаа ороод байгааг мэдэгдлээ. Энэ нь зун гэхэд коронавирусний халдвартай холбоотойгоор авсан бүх хорио цээрээ цуцална гэсэн үг болохыг тэрээр тайлбарласан байна.
Гэхдээ Их Британийн засгийн газар цар тахлын эсрэг хийж буй тэмцлийн үр дүнг алдахгүйн тулд сэрэмж болгоомжоо алдаж болохгүйг уриаллаа. Тус улсын Засгийн газраас ирэх 6 дугаар сарын 21 гэхэд хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцална гэж тооцоолж байна. Хамгийн түрүүнд энэ сарын 17-ноос зарим аж ахуйн нэгж компани, үйлчилгээний газруудыг нээхээ, нэг дор цуглах хүний тоог нэмэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Их Британийн насанд хүрсэн хүн амын 4-ний нэг нь коронавирусний эсрэг вакцины 2 тунгаа хийлгээд байгаа бол 47 сая хүн эхний тунгаа хийлгэжээ.
| Дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг 1,16 тэрбум тун вакциныг 174 орны хүн амд хийгээд байна | ||
| Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.