Шууд Chart

Дэлхийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 154 саяд хүрлээ

2021-05-04 11:17:16

Дэлхийн хэмжээнд   хамгийн  сүүлийн мэдээгээр  коронавирусний халдвар  авсан хүний тоо 154 саяд  хүрээд  байна. Өнгөрсөн  24  цагийн хугацаанд  халдвар авсан  хүний  тоо 680 гаруй  мянгаар, нас  баралт 9960-аар нэмэгджээ. 

Харин хамгийн хүнд  нөхцөлд   байгаа  Энэтхэг  улсад  20  сая  хүн   коронавирусний халдвар  аваад  байгаа юм. Тус улсад  хоногт  370 орчим мянган хүн   халдвар   авч  3400 гаруй хүн нас  барсан  байна.  Гэвч  олон  улсын мэргэжилтнүүд Энэтхэгт   хоногт  халдвар авч  байгаа болон нас барж  байгаа хүний  тоо  газар  дээрээ  үүнээс  ч их  байж  болзошгүй гэдгийг анхааруулж  байгаа.

Учир нь   Тус улсад  Ковидийн шинжилгээний тест   хүрэлцээгүй,  хөдөө  орон нутагт,  алслагдмал  тосгон суурингуудад   эмнэлгийн тусламж  авч  чадахгүй, гэртээ эмчлэгдэж  байгаа  хүмүүс  олон   мянгаараа  байгаа  гэж  үзэж  байгаа аж.  Эрх  баригчид,  эрүүл мэнд,  онцгой  байдлынхан  бүхий л  боломжит  нөөц хүчээ  дайчилж  байгаа  ч  нийтийг хамарсан  цар  тахалд  хяналт  тогтоох  ямар  ч аргагүй  болоод  байна. 

ДЭМБ,  олон улс орон тусламж дэмжлэгээ  яаралтай илгээж байна. Амьсгалын  аппарат,  вакцин,  эмнэлгийн  тоног төхөөрөмж,  материал  илгээж  байна. Энэтхэгийн засгийн газраас  аж  үйлдвэрлэлийн  зориулалтаар хий ашиглахыг бүрэн зогсоосон ч хүчилтөрөгчийн  дутагдалд  орж  нас  барж  байгаа хүний тоо  буурахгүй  байгаа юм.   Вакцинжуулалтаа  өнгөрсөн  бямба гарагаас  яаралтай  эхлүүлэхээр  шийдвэрлэсэн боловч олон мужид вакцины  хүрэлцээ  муутайгаас болж дархлаажуулалтын  энэ  ажил   хэдхэн  хоноод  зогсоход  хүрээд  байна. Тус улсад  Оксфордын Астразенека,  эх орны  Бхарат  Биотехийн   "Соваксин"  вакциныг  ашиглан хүн  амаа дархлаажуулж  байгаа.  Мөн  өнгөрсөн бямба гарагт Оросын "Спутник Ви" вакциныг  яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг  холбогдох албаныхан олгож   эхний  150 мянган  тунг   хүлээн  авсан. 

Үйлдвэрлэж байгаа вакциныхаа  экспортыг  бүрэн  зогсоосон.  Гэвч   ийнхүү  мужуудад,  захын   хот суурингуудад  хүрэлцэхгүй  л  байна. Энэ хооронд олон улсын шинжээч мэргэжилтнүүд Энэтхэгт өнөөдөр ийнхүү  хүмүүнлэгийн  хямрал  үүсэх  болсон  шалтгааныг  юун  түрүүнд  тус улсын эрх баригчид  вирус  аюултай  мутацид  орох эрсдэл  их байгааг  үл  тоож байсантай холбоотой  гэж  тайлбарлаж  байна.  Эрүүл мэндийн салбарынхан   хүн амын  дунд халдвар  ихээр тархаж  мэдэхийг өнгөрсөн  3 дугаар сарын эхээр  анхааруулж байсан ч эрх баригчид  тэдний заавар  зөвлөгөөг  тоогоогүй тухай Ройтерс  мэдээллээ.

Мөн  Энэтхэгийн  иргэд  ч  хамгаалалтын хэрэгслийг үл  тоож  амны  хаалтгүй  явж,   шашны болон улс төрийн олон  арга хэмжээнд  оролцож  байсан нь  өнөөдөр ийм хүнд  нөхцөл байдалд  хүргээд  байгааг сануулж  байна.  Харин  цар  тахал  ийнхүү газар авчхаад  байхад  хатуу  хөл  хорио тогтоохыг  яарахгүй байна. гол нь  хөл  хорионоос  болж  өнгөрсөн оны  4-6  сарынх  шиг  дотоодын нийт  бүтээгдэхүүн нь  эрс  буурч  олон сая  цагаач  ажилчид  ажилгүйчүүдийн  эгнээнд   шилжих вий гэдгээс  болгоомжилж  байна.  Энэ нь хөл  хорионы үнэ цэн  эдийн засгийн үзүүлэлтээр бус  хүний  амиар  хэмжигдэж  байсныг сануулж  байна.  Өнгөрсөн  онд  68  хоногийн туршид  хөл  хорио  тогтоосноос болж байсан жирэмсэн эхчүүд  улсын  хөтөлбөрийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ  авч  чадахгүйд  хүрч  байжээ.  Мөн  дархлаажуулалтын хөтөлбөр  зогсч  хүүхдийн нас  баралт  өссөн, хүнд,  архаг  хууч  өвчтэй  хүмүүс  эмнэлгийн  тусламж  авч чадалгүй,  төлөвлөгөөг  асар их хагалгаа  цуцлагдаж байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо 154 саяд хүрлээ  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй