Дэлхийн хэмжээнд коронавирусний цар тахлын эсрэг дархлаажуулалтын түүхэнд байгаагүй өргөн хүрээтэй аян үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 172 улс оронд коронавирусний эсрэг нийт 1 тэрбум 40 сая гаруй тун вакцин ашиглаад байгаа бол хоногт 19.3 сая вакцин хийгдэж байна.
Гэвч одоог хүртэл вакцины үйлдвэрлэл, эрэлт, хэрэгцээгээ гүйцэж чадахгүй л байна. Үүнээс болж улс орнуудын Засгийн газруудын вакцинжуулалтын төлөвлөгөө саатаж, иргэд олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэл нэмэгдэхэд хүргэж байна. Тиймээс нэгдсэн зохион байгуулалттайгаар хөгжүүлэгч, үйлдвэрлэгч компаниудтай гэрээ байгуулсан Европын холбоо л гэхэд урьчилан байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй, нийлүүлэлтээ тасалдуулж байгаа "Астразенека" компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
Еврокомисс өнгөрсөн баасан гарагт шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэснийг тус комиссын албан ёсны төлөөлөгчдийн нэг Стефан де Кеерсмакер мэдэгдсэн юм. Англи, Шведийн "Астразенека" компанийг гэрээний зарим үүргээ биелүүлээгүйн дээр вакцин нийлүүлэх найдвартай стратеги боловсруулж чадаагүй гэж буруутгаж буй юм байна.
Мөн шүүхэд тус компанийн эсрэг нэхэмжлэл гаргахыг Европын холбооны гишүүн 27 орон бүгд дэмжсэнийг мэдээлсэн юм. Харин "Астразенека" компанийнхан Европын холбооны нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэд урьдчилсан худалдан авалтын тухай гэрээнийхээ бүх заалтыг дагасан учир шүүх дээр компаниа идэвхтэй хамгаалахаа илэрхийлээд байна.
"Астразенека" энэ сарын эцэс гэхэд Европын холбооны орнуудад 50 сая тун вакцин нийлүүлэхээр гэрээнд тусгагдсан гэж мэдэгдэж байгаа юм. Харин Брюссель 3 сарын сүүлчээр 120 сая тунг нийлүүлэхээр гэрээ хийсэн ч 30 сая тунг л нийлүүлсэн гэж мэдэгдэж байна. Мөн "Астразенека"-гийнхан өөр гэрээний заалтад тусгагдсаны дагуу зургаадугаар сард 180 сая тун вакциныг Европт нийлүүлэх боломжгүй. Харин 70 сая тунг л илгээхээ урьдчилан мэдэгдсэн.
Тус компанийн тэргүүн Паскаль Сорио энэ гэрээнд компанийн зүгээс дээд зэргээр хүчин чармайлт гаргах тухай заалт багтсан байгаа учир Европын холбоонд нийлүүлэх вакциныг тогтсон тоонд нь хүргэх үүрэг хүлээгээгүй гэж үзэж байгаагаа өмнө нь илэрхийлж байсан юм. Харин Европын холбооныхон гишүүн бус Их Британид "Астразенека"-гийнхан амласан вакциныхаа тунг бүрэн нийлүүлснийг нь сануулж байна.
| Европын холбоо "Астразенека" компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ | ||
| Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.