Шууд Chart

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 9 долоо хоног дараалж өссөн байна

2021-04-28 11:40:43

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 9 долоо хоног дараалж өссөн байна. Түүнчлэн энэ вирусний халдвараас болж нас барсан хүний тоо ч 6 долоо хоног дараалж өсөөд байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр онцлон анхаарууллаа.

Тэрбээр "Ковид-19"-ийн цар тахал дэлхийд эрчтэйгээр тархаж байгааг сануулсны дээр цар тахлын эхний таван сарынхтай ижил тооны батлагдсан тохиолдол сүүлийн 7 хоногт бүртгэгдээд байгааг мэдээлсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн зарим бүс нутагт халдварын тархалт, нас баралт бага зэрэг буурч байгаа ч олон улс орнуудын хүн амын дунд халдвар эрчтэйгээр тархаж байгааг анхааруулсан юм.

Тэрбээр Энэтхэгт халдварын нөхцөл байдал онцгой хүнд байгааг тэмдэглэн хэлсэн. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнууд дахь ажилтнуудаа дахин хуваарилж 2600 гаруйг нь халдварын тархалттай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Энэтхэг улс руу илгээгээд байгаагаа энэ үеэр зарласан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд Энэтхэгийн талд техникийн зөвлөмж зөвлөгөө өгч, вакцинжуулалт, мониторинг хийхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Энэтхэгт эмнэлгийн тоног төхөөрөмж, материал, хүчилтөрөгчийн концентрациуд, хээрийн хөдөлгөөнт эмнэлгүүд, лабораторийн төхөөрөмжүүдийг нийлүүлэхийн тулд боломжтой бүхнээ хийхээ мэдэгдсэн юм.

Хэвлэлийн бага хурлаар хөндсөн бас нэг ноцтой асуудал нь "Ковид-19"-ийн цар тахлаас болж дэлхийн олон улс оронд халдварт болон халдварт бус өвчлөлүүдийн эсрэг товлолт вакцинжуулалт саатаж байгаатай холбоотой байлаа.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус "Өнөөдөр коронавирусний эсрэг вакцин хонгилын үзүүр дэх гэрлийг харж, итгэж найдахад хүргэж байгаа ч "Ковид-19" цар тахлаас болж дэлхийн улс орнуудын дархлаажуулалтын хөтөлбөрүүдэд ихээхэн саад учруулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэхэн мэдээгээр "Ковид-19"-ийн цар тахаас болж дэлхийн 50 орны дархлаажуулалтын 60 гаруй хөтөлбөр саатаад байна. Энэ нь ойролцоогоор 228 сая хүүхэд вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой үхлийн аюул эрсдэлтэй улаан бурхан, халдварт шар, саа зэрэг өвчинд өртөх эрсдэлд байна гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ "Ковид-19" цар тахлыг ялан дийлэхэд вакцин туслах ч дэлхийн хүн амд тэдгээрийг тэгш хүртээх боломжоор хангаж өгөх шаардлагатайг сануулсан. Тэрбээр энэ сарын 24-30-ны өдрүүдэд "Дархлаажуулалтын дэлхийн 7 хоног" тохиож байгаатай холбоотойгоор ийнхүү вакцины хуваарилалт, нийлүүлэлттэй холбоотой асуудлыг ийнхүү дахин онцолсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 9 долоо хоног дараалж өссөн байна  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй