Дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй дархлаажуулалтын аян үргэлжилсээр байна. Сүүлийн мэдээгээр дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг нийт 1 тэрбум тун вакциныг дэлхийн 172 орны хүн амд хийгээд байна.
Нэг тэрбум тун нь дэлхийн нийт хүн амын 6.6 хувийг бүрэн дархлаажуулах хэмжээ юм. Блүүмбергийн нэгтгэсэн статистик мэдээгээр хоногт 18.3 сая тун вакцин хийгдэж буй юм байна.
Хамгийн олон сая тун вакциныг АНУ-д ашигласан байна. Тус улсад нийт 226 сая тун вакцин хийгээд байна. Одоогоор хоногт 2.82 сая тун вакцин хийж байна. Нийт хүн амынх нь 40 орчим хувь нь эхний тунгаа хийлгээд байгаа бол хүн амынх нь 3-ны нэг нь 2 тунгаа хийлгэсэн байна.
Их Британид насанд хүрсэн иргэдийнхээ тал хувийг бүрэн дархлаажуулж чадсан байна. Тус улсад сүм хийдүүдэд хүртэл вакцинжуулалтын төвийг нээж ажиллуулсан байна. Францад вакцины эхний тунд нийт хүн амынх нь 20 хувь нь хамрагдсан байна. Дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлэхийн тулд боломжит бүхий л арга хэмжээг авч байна. Өчигдрөөс нийслэл Парис хотын "Диснейланд" зочид буудлын бага хурлын танхимд вакцинжуулалтын томоохон төвийг нээсэн байна. Мөн алслагдсан суурин, тосгоны хүн амыг тусгай автобус гарган вакцинжуулалтын төвд хүргэж байна.
НҮБ-ын мэдээгээр Иордани, Серби, Руанда зэрэг дэлхийн 20 гаруй улс оронд дүрвэгсдийг иргэдийнхээ адилаар вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. Энэ хооронд дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 147 саяд хүрээд байна. Өнгөрсөн 24 цагт халдварын батлагдсан нийт 821 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин 24 цагт 13390 хүн коронавирусний халдварын улмаас нас баржээ. Ингэснээр цар тахал эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд нийт 3 сая 112 мянган хүн халдвараас үүдэлтэй өвчлөлөөс болж нас барсан байна.
| Дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг нэг тэрбум тун вакцин хийгээд байна | ||
| Үзсэн: 1657 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.